
ДЭМБ коронавирусний эсрэг вакциныг үйлдвэрлэх технологи, туршлагыг хуваалцах сургалтын төвийг Өмнөд Африкт байгуулахаар болсон байна. Буурай орнуудын эм үйлдвэрлэлийн компанийн төлөөлөгчид энэхүү сургалтад хамрагдсанаар коронавирусний эсрэг вакциныг үйлдвэрлэх мэдлэг, чадавхыг олж авах юм.
Коронавирусний эсрэг вакциныг хэд хэдэн өөр арга, технологиор хөгжүүлж, үйлдвэрлэж байгаа. Тэднээс хамгийн үр дүнтэй байж болох технологи нь mRNA юм. Энэ технологиор үйлдвэрлэсэн вакцинууд коронавирусний эсрэг үйлчилгээ өндөртэй нь батлагдсаар байгаа. Америкийн Пайзер болон Модерна компаниудын вакцин нь mRNA төрлийнх юм. Тэгвэл ийм төрлийн вакциныг хэрхэн үйлдвэрлэх талаарх мэдлэг түгээх төвийг Өмнөд Африкт байгуулахаар болсон тухайгаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом даваа гарагт олон нийтэд зарлалаа.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом “Дэлхий дахинд нэн шаардлагатай байгаа бүтээгдэхүүн цөөн хэдхэн компанийн үйлдвэрлэлээс хараат байх нь явцуу, мөн аюултай гэдгийг цар тахал харуулж байна. Вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс технологи, туршлага болон оюуны өмчийн эрхээ хуваалцахыг ДЭМБ уриалсаар байгаа. Өмнөд Африкт коронавирусний эсрэг вакциныг бүтээх, үйлдвэрлэх технологийг таниулан түгээх төвийг байгуулах асуудлаар ДЭМБ хувийн компаниуд болон бусад байгууллагатай хэлэлцээ өрнүүлж байгааг дуулгаж байгаадаа миний бие баяртай байна” гэв.
Энэхүү санаачлага Африк дахь коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ДЭМБ-ын тэргүүн мөн дуулгалаа. Африк тивийн нийт хүн амын нэг хүрэхгүй хувь л дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.
Сонирхуулахад, Африк тив дэх коронавирусний халдварын тохиолдлын тоо 40 хувиар нэмэгдсэн бол дэлхий дахин дахь халдварын үзүүлэлт өнгөрсөн найман долоо хоногт тасралтгүй буурчээ.
ДЭМБ вакцины үйлдвэрлэлийн технологийг таниулах төвийг Өмнөд Африкт байгуулна | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.