Шууд Chart

Жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломжтой

2021-07-21 13:26:22

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долоодугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.6-д нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн.

Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан.

Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдлээ.

Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлж байна.

Даатгуулагчаас тэтгэмж авахаар бүрдүүлж байгаа баримт бичгийг цахимжуулж, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэчлэн боловсруулсан.

Улмаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долоодугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа.

Энэ тогтоол, журам батлагдсанаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: ХНХЯ


Жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломжтой   
Үзсэн: 1743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй