Шууд Chart

Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж явсан галт тэрэг осолдсоны улмаас үүссэн бохирдлын үнэлгээг тогтооно

2021-07-26 15:28:30

Осол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км,  Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарч холбогдох албаныхан анхан шатны шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораторийн сорьц авагч,  Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авч лабораторийн дүгнэлтийг гаргуулсан байна.

Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуунтай байснаас 2 вагоны түлш таллаж асгарч,  нэг савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Гэмтсэн вагонуудаас  277,8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч  машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150,5 тонн шатахуун хөрсөнд асгарч,  29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.

Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс 0.007 мг/л,  эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн  бүтээгдэхүүн илэрсэн байна.

Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандартаас хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй. 

Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй  байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах,  Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар  байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж явсан галт тэрэг осолдсоны улмаас үүссэн бохирдлын үнэлгээг тогтооно  
Үзсэн: 2244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй