Шууд Chart

Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг орон нутагт үргэлжилж байна.

2021-07-29 11:13:24

Батлан хамгаалахын сайдын баталсан журмын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч нарын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг нэгдсэн журмаар шалгаж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад түвшин тогтоох үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

Харин

Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний 28 нэгтгэл, анги, байгууллагууд, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар бүрэн хамрагдаад байна.

Энд тодруулахад, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр БХЯ-ны харьяа байгууллагууд болон нийслэл, аймгийн Цэргийн штабын бие бүрэлдэхүүнийг нэг ажлын хэсгээр шалгаж, түвшинг тогтоохоор шийдвэрлэсэн нь үзлэгийн ач холбогдол, хамрах хүрээг улам нэмэгдүүлсэн юм.

Энэхүү үзлэг нь Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой явагдаж байна.

Аймаг, орон нутагт байрлаж буй Зэвсэгт хүчний анги, салбарууд энэхүү үзлэгт өндөр ач холбогдол өгч, бие бүрэлдэхүүнээ бэлтгэн, идэвх, санаачилгатай хамрагдаж байгааг үзлэгийн дүнгээс харж болно.

Үзлэгт офицер, ахлагч нарыг бүрэн хамруулан түвшинг нь бодитоор тогтоох зорилгоор алслагдсан тусгай салбаруудад хүрч, хүн нэг бүртэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, үнэлэлт, дүгнэлт өгч байгаагаараа онцлогтой болж байна. Мөн анги, байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэхээс илүүтэй хувь хүнийг үнэлж, дүгнэн, ямар түвшинд байгаа болон алдаа, дутагдал, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах чиглэлийг тайлбарлан таниулж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн офицер, ахлагч нарын албандаа хандах хандлагыг өөрчлөх, үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах, цэргийн алба хаагчдад тавигдаж буй шалгуур, шаардлагыг таниулах ажлыг харилцан ярилцлага, дүн гаргах явцад хэрэгжүүлж байна.

Бие бүрэлдэхүүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулан эмх журамтай, сахилга баттай хамруулах нь цаг хугацааг хэмнэж, чанартай үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлдэг юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 186 дугаар анги биеийн тамирын шалгалт авах байр, талбайгаа сайтар бэлтгэсэн, Зэвсэгт хүчний 330 дугаар анги ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлсэн, Зэвсэгт хүчний 110 дугаар анги бие бүрэлдэхүүнээ сахилга, зохион байгуулалт сайтай хамруулсан зэрэг сайн талуудыг нь онцлох учиртай.

Мөн Хөвсгөл аймагт байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай ротын захирагч хошууч Р.Цэрэндорж түвшин тогтоох үзлэгт офицер, ахлагч нараа сайн бэлтгэж, бие бялдрын түвшин тогтоох шалгалтад амжилттай шалгагдсаныг нь сайшаан тэмдэглэе.

Түвшин тогтоох үзлэгийн цар хүрээ нэмэгдэж, ангиудаас гадна алслагдмал тусгай салбаруудыг үзлэгт бүрэн хамруулах, тогтоосон хугацаанд нь үзлэгийг дуусгах шаардлагын үүднээс амралтын өдөр, ажлын цагаар хязгаарлахгүйгээр илүү цагаар ажиллуулж байгаа юм.

Цаашид офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг баруун аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудад үргэлжилнэ.

Хурандаа Т.Мөнхсаруул (ЗХЖШ)


Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг орон нутагт үргэлжилж байна.  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй