Шууд Chart

Налайхын уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар хбнгу-ын Фрайбергийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана

2026-06-25 11:56:43

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан  Өнөөдөр /2026.06.25/  ХБНГУ-ын Фрайбергийн Их сургуулийн Уул уурхайн тэнхимийн декан, Маркшейдерийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Йорг Бенндорф, Ус судлал, геохимийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Трауготт Йоахим Шайтт, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Д.Баяр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Налайх дүүргийн уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлт, хүнцлийн бохирдол, газрын суултын эрсдэл, ус, хөрс, агаарын орчны аюулгүй байдал, уул уурхайн салбар дахь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Талууд уул уурхайн нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн шийдэл бус байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

ХБНГУ-ын тал олон жилийн туршлагадаа тулгуурлан хуучин уурхайн бүсийг аюулгүй болгож, нөхөн сэргээх, байгалийн тогтоцыг сайжруулан сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй, стандартад нийцсэн нөхөн сэргээлтийн жишиг загвар бий болгож, уул уурхайн компаниудад зөвлөмж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов.

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухал байр суурь эзэлж буйг талууд тэмдэглэж, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн бодлоготой уялдсан боловсрол, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.


Налайхын уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар хбнгу-ын Фрайбергийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй