Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр буюу (2026.06.19) төмөр замын дохиолол холбоо, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ОХУ-ын тэргүүлэх компаниудын төлөөлөгчид болох “1520 Сигнал” ХХК-ийн Төмөр замын автоматжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх газрын дарга Сергей Сергеевич Кравченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Багахангай Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн ажлын хүрээнд дохиолол, холбооны системийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, угсралт, техникийн шийдэл болон хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлын явцын талаар товч танилцуулж, төслийн бүтээн байгуулалтыг ирэх намар дуусган ашиглалтад оруулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурьдлаа.
Мөн уг төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгалыг Хөшигийн хөндий рүү чиглүүлэх, хамгийн чухал нь, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дундуур дамжин өнгөрдөг 34 нэр төрлийн аюултай ачаа буюу шатахуун, тэсэрч дэлбэрэх нефт, химийн бодис зэрэг ачаа тээврийг хотын гадуур тээвэрлэх стратегийн чухал ач холбогдолтой үндэсний бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.
Уулзалтад оролцож буй ОХУ-ын “1520 Сигнал” ХХК нь төмөр замын автоматжуулалт, хөдөлгөөний удирдлага, төвлөрүүлэлт, дохиоллын орчин үеийн систем боловсруулах, нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг инженерчлэлийн компани бөгөөд төмөр замын аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх олон төслийг хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага юм.
Харин “Элтеза” ХК нь төмөр замын дохиолол, холбоо, цахилгаан төвлөрүүлэлт, автомат хориглолтын тоног төхөөрөмжийн зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын тэргүүлэх компаниудын нэг юм.
Талууд энэ үеэр Багахангай Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд, ОХУ-ын төлөөлөгчид Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, энэ чиглэлээр уг төслийг хариуцаж буй “Монголын төмөр зам” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнуудтай уулзаж, техник мэргэжлийн чиглэлээр мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааны талаар салбарын сайдтай дахин уулзахаар тогтов гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

| Б.Дэлгэрсайхан ОХУ-ын төмөр замын дохиолол, холбооны салбарын төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.