Шууд Chart

Г.Цэцэнлэг: Би мэргэжлийн том тамирчин болох зорилго тавьж байгаа.

2026-06-01 08:11:18

Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу зургаадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Уран сайхны гимнастикийн STARLIT клубийн тамирчин Г.Цэцэнлэг “Редакцын зочин булан”даа урьж ярилцлаа.

-Уран сайхны гимнастикаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

Би тавдугаар ангиас эхэлж уран гимнастикаар уян болох зорилготой хичээллэж эхэлсэн. Миний хувьд их богино хугацаанд хичээллэж байгаа бөгөөд одоо гурав дахь жил рүү орох гэж байгаа. Хичээллэж эхлээд миний сонирхлыг маш их татсан учраас тууштай хичээллэж байна. Уран гимнастик маш хөдөлгөөн болон бие бялдрын дасгал хөдөлгөөн хийдэг учраас нэлээд чанга спорт гэж боддог. Анх бол бүжгийн хөдөлгөөн болон сургалтын дасгал хийдэг учраас их хялбар гэж бодож байсан. Гэвч тийм байгаагүй. Бие бялдар болон булчингийн дасгал хийдэг. Хичээллэх тутам хөдөлгөөн улам нэмэгдэж явдаг.

-Уран гимнастикаар хүүхдүүд их багаасаа хичээллэдэг юм байна лээ. Чиний хувьд нэлээд хожуу хичээллэсэн байна. Энэ хугацаанд ямар амжилт гаргаж байв?

-Миний хамгийн онцлох буюу гадаад оролцсон тэмцээний амжилт гэвэл 2024 онд Дубад болсон олон улсын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн. 2026 оны тавдугаар сарын 14-17-ны хооронд Бээжинд болсон тэмцээнд Булав, Цагираг, Тууз гээд 3 төрөлөөр оролцож хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн. Улсын аваргаас нэг мөнгөн медаль авч байсан бөгөөд тэмцээн уралдаандаа идэвхитэй оролцож нийт 10 гаруй медальтай байгаа.

-Чиний хувьд ганцаарчилсан төрлөөр тэмцээн уралдаан оролцдог уу. Эсвэл багаар оролцдог уу?

-Миний мэдэхээс уран гимнастикийг баг, чөлөөт, хэрэглэлтэй гэсэн төрлүүд байдаг . Багийн хувьд таван гишүүнтэй байдаг юм. Чөлөөт төрөл нь ямар хэрэглэлгүй, харин хэрэглэлтэй булав, цагариг, бөмбөг, тууз, олс зэрэг хэрэглэлүүдтэй хийдэг юм. Би ихэвчлэн ганцаарчилсан төрөлд ордог.

Багийг насны ангиллаар бүрдүүлдэг гэж боддог. Уран гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүд дотроо зэрэглэлтэй байдаг. Тухайлбал, тамирчины түвшин дотороо А В С гэсэн ангилалтай. Миний хувьд С ангилал дээр явж байгаа. Ерөнхийдөө В түвшин рүү нэлээд дөхчихсөн байгаа. А ангилал хамгийн сайн. Түвшинийг багш хүүхдийн ур чадварыг харж ангилдаг. Анхан шатны ангилалд дөнгөж хичээллэж байгаа хүүхдүүд байдаг юм.

-Уран гимнастикаар хичээллэхэд биеийн жин нэлээд чухал байх?

–Ер нь бол хэт туранхай бол байж болохгүй. Булчинлаг байхгүй.

-Хичээлийн хажуугаар бэлтгэл сургуулилтаа хэр хийж байна?

-Хичээлийн хажуугаар бэлтгэл сургуулилт хийхээр ачаалалтай байдаг. Манай ангийн хичээлдээ анхаарч байхад би бол бэлтгэлдээ хийж байдаг. Тэмцээн уралдаантай үед хичээлээсээ хоцрох гээд байдаг талтай. Гэхдээ аль болох хоцрохгүй байхыг хичээдэг.

- Ямар хичээлдээ дуртай бэ?

 -Бүх хичээлдээ дуртай. Хичээлээ сайн ойлгоод явахаар бүх хичээл сонирхолтой байдаг юм.

-Цаашид уран гимнастикаар тогтмол хичээллээд явах уу?

-Тогтмол хичээллэх сонирхолтой байгаа.

-Долон хоногт бэлтгэлээ хэдэн удаа хийдэг бэ?

 -Долоон хоногийн гурав өдөр бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлээ 4 цагаар хийдэг. Бэлтгэл сургууль гээд явдаг учраас тоглох зав бараг гардаггүй.

-Ямар мэргэжилтэй болох сонирхолтой бэ?

-Би зохиолч болох сонирхолтой. Ер өгүүлэг бичдэг зохиолч болно гэдэг боддог аав маань их дэмжиж ярилцдаг байсан.

-Ойрын зорилго?

-Манай клубийн том эгч нар Азийн аваргад оролцож байгаа. Энэ жилийн хувьд хэрэгсэлүүдтэйгээ сайн ажиллах зорилго тавьж байгаа. Тэмцээнд уралдаан оролцохоор их сандардаг. Энэ сандарлаа дарх тал дээр нэлээд ажиллана.

Багаар тэмцээнд оролцохоор ханьтай болохоор сандардаггүй. Би мэргэжлийн том тамирчин болох зорилго тавьж байгаа. Энэ зорилгоо хүрэхийн төлөө тууштай хичээллэх бодолтой байгаа.

-Тэмцээн уралдааны үед сандарлаа хэрхэн дарж байна?

-Багш бэлдэж байгаад гарахдаа сандрахгүй, төгс хийнэ шүү. Зоригтой чи чадна гээд гаргадаг. Зарим үед том хүүхдүүд өөрсдөө бие халаалтаа хийгээд талбай дээр гардаг. Энэ үед өөртэйгөө сайн ярилцаад бэлтгэл дээр байгаа юм шиг хийж гүйцэтгэнэ гээд гардаг.

Тэмцээн уралдаанд оролцож байхдаа хөдөлгөөнөө мартаж, алдаа гарах тохиолдол бий юу?

-Хөдөлгөөнөө гүйцэтгэж байх үед алдаа гардаг. Аль болох хурдан засаад явдаг. Дараа нь бэлтгэл дээрээ тэр гаргасан алдаагаа сайн бэлдэж засдаг.

-Хамгийн анх ямар тэмцээн оролцож байв?

-Хамгийн анх багийн төрлөөр 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн цагирагтай төрөлд оролцож байсан. Энэ тэмцээнд тусгай байр эзэлж байсан. Анх удаа царигтай тэмцээн оролцож байсан. Хэрэглүүрээс хамгийн хүнд бөмбөг, тууз хоёр хамгийн хүнд байдаг. Цагариг хоёр арай хялбар байдаг.Би туузтай сайн хийж сураагүй байгаа.

-Хөдөлгөөнөө байнга өөрчилж байх ёстой юу. Эсвэл тогтсон хөдөлгөөн хийх ёстой юу?

 -Шинэчилж явдаг. Гэхдээ төгс болсны дараа хөдөлгөөнөө шинэчилж, баяжуулдаг юм шиг санагдсан. Багш  бид нарт хөдөлгөөний заадаг. Багшийн заасан хөдөлгөөний дагуу бид гүйцэтгэлээ хийдэг. Манай клубийн эгч нар ая өөрсдөө хөдөлгөөндөө тааруулдаг. Бидний хувьд бол багшийн сонгож өгсөн ая дээр хөдөлгөөн гүйцэтгэдэг. Заримдаа багш бид нараас асуудаг ямар ая дээр ямар хөдөлгөөн хиймээр байна гэдэг. Миний хувьд багшийнхаа зөвлөсөн хийхээр төгс болдог.

 

-Шантарч байсан уу?

Жилийн өмнө шантарч байсан. Үеийн хүүхдүүд мундаг хийж байна би чадахгүй байна гэх үе байсан. Өөрийгөө зоригжуулаад их хичээсэн. Одоо бол шантрахгүй байгаа. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахгүй байгаа. /Инээв/

-Анги хамт олон багш нар хэр сайн дэмждэг бэ?

-Би 7 дугаар ангид сурдаг. Анги удирдсан багш маш сайн дэмждэг. Ангийн найзууд гэсэн дэмждэг.

 -Хэр олон найзтай бэ?

 -Олон найзтай. Ангийн найз бэлтгэлийн найзууд бий. Би гимнастикийн найзтайгаа арай илүү дотно байдаг.

Айлын хэд дэх хүүхэд бэ?

-Айлын хоёр дах хүүхэд. Нэг ахтай. Аав ээж хоёр намайг маш сайн дэмждэг.

-Хувцас хэрэглүүрээ тогтмол шинэчилдэг үү?

 -Ер нь бол тогтмол шинэчилдэг. Өртөг өндөртэй байдаг. Улиралдаа нэг удаа, хувцас нь багадахгүй бол зургаан сардаа нэг удаа шинэчилдэг. Тэмцээн уралдаан оролцохдоо хувийнхаа зардал мөнгөөр явдаг.

-Тэмцээний уралдааны үед нүүрийн будалтаа өөрсдөө хийдэг үү. Эсвэл багш нь хийдэг үү?

-Миний будалтыг ээж хийж өгдөг. Одоо өөрөө будалтаа хийж сурч байгаа. Мэргэжлийн хүнээр будалтаа хийлгэхээр үнэхээр төгс болдог. Нүүр будалт дээр ээжийнхээ найз Сарантуяа эгчдээ баярладаг шүү. Будалт хамгийн чухал гэхдээ хэтрүүлсэн будалт хийж болохгүй. Хувцсандаа зохицуулаад гоё цэвэрхэн будах ёстой. Үсээ бас гоё шуух хэрэгтэй байдаг. Одоо би үсний шуултаа хийж сурч байгаа.

Өөр сонирхдог спорт бий байгаа юу?

-Би волейбол дуртай. Шатар тоглодог. Шатраар сургуулийнхаа аварга болж байсан. Өөрийнхөө дуртай зүйлээр хичээллэж хамгийн гоё мэдрэмжүүд авдаг.

-Бэлтгэлийн хажуугаар сонирхолтой хичээллэж чадаж байна уу?

 -Аль болох амжуулахыг боддог.

-Чамд чөлөөт цаг гардаг юу. Чөлөөт цагаар юу хийх дуртай бэ?

-Чөлөөт цагаар найзуудтайгаа дагуур гарах дуртай. Эсвэл гэр бүлээр гадуур гарах дуртай. Гадуур хөгжилдөөд явах нь хамгийн гоё байдаг.

 

-Ямар хоббитой бэ

-Хөгжим сонсож зураг зурах дуртай. Бүжиглэх, аялах дуртай, цанаар гулгах дуртай. Өөрийн хийж сурах бүх зүйлийг төгс хийхийг боддог.

-Зуны амралтаа юу хийдэг бэ?

-Зуныхаа амралтаар бэлтгэлээ хийдэг. Манай клуб зун бэлтгэл сургуулилтаа түлхүү хийдэг. Зусланд бөөндөө очиж байрлаад хийдэг. Амралт бараг л байдаггүй.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Г.Цэцэнлэг: Би мэргэжлийн том тамирчин болох зорилго тавьж байгаа.  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй