Шууд Chart

Эмгэнэл

2021-07-30 19:08:39

Шагдаржавын БЯМБАЦОГТ
(1973-2021)

Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, МҮОНРТ-ийн сонсогч, үзэгч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.

Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын ууган хүү болон  мэндэлжээ. Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж,  улмаар  Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.

Ш.Бямбацогт 1991 онд  МҮОНТ-д орж ажилласнаас хойш эдүгээг хүртэл радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг,  өдөр тутмын мэдээ, “Цагийн хүрд"  хөтөлбөрийг тогтмол уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.

Тэрээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”,  “Хаврын 17 учрал” зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэсэн байдаг. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны олон кинонд гол болон туслах дүр бүтээж авьяаслаг жүжигчин гэдгээ нотолсон юм.  “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, "Аминд хүрсэн олз”, "Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнхрөн үлдлээ. Шагдаржавын Бямбацогт ажиллаж,  хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ дээд сургуульд суралцан Улс төр судлаач мэргэжлийг эзэмшсэн байна.

Ш.Бямбацогтын  дуу хоолой, ур чадвар  радио, телевизийн нэвтрүүлгийн үнэ цэнг  нэмэгдүүлж,  МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг  баяжуулахад асар их хувь нэмэр оруулсан юм.

Шагдаржавын Бямбацогтын үйлс бүтээлийг төр засаг, байгууллагаас өндрөөр үнэлж МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Мэргэжил нэгт нөхөр Шагдаржавын Бямбацогтын ажилч хичээнгүй, төлөв даруу, элгэмсэг нөхөрсөг, алиа хошин зан чанар бидний сэтгэлд мөнхөд дуурсагдах болно.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

МҮОНРТ-ийн захиргаа, хамт олон
МҮОНТ-ийн ММ сувгийн хамт олон
МҮОНР-ийн хамт олон


Эмгэнэл  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй