Шууд Chart

БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав

2014-05-20 09:40:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өчигдөр Шанхай хотноо уулзлаа. Албан ёсны уулзалтын дараа хамтдаа өглөөний цай уув.

Уулзалтаар хөрш хоёр орны улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд тодорхой асуудлуудыг хөндөн ярилцлаа.
 
Мөн энэ онд хоёр улсы хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны Гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласантай холбогдуулан, түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцлож байлаа.
 
Мөн уулзалтын үеэр Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
 
Хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг 40 минутаар төлөвлөсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилж, олон асуудлаар санал солилцсон нөхөрсөг яриа хэлэлцээр болж өнгөрлөө. Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзана. Тавдугаар сарын 21-нд Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцох юм.
Нийтэлсэн: Ж.Сарантуяа

БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй