Шууд Chart

Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна

2021-10-17 11:11:13

Найрамдлаар овоглосон Дархан хот өнөөдөр 60 жилийн ойтойгоо золгож байна. Анх 1961 оны энэ өдөр Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн "Бурхантын хөндий"-д тавьсан байна.

Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан юм. Энэ ч утгаараа Дархан хотыг "Найрамдлын хот" хэмээн нэрлэсээр ирсэн байна.

УИХ-н 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн юм. Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг бөгөөд хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг хэмээн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа тэмдэглэгдсэн байдаг.

Дархан хот нь дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабел, тоон системийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг бага зэрэг давуу талтай.

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай бүс нутаг юм.

Дархан хот байгуулагдсаны түүхт жилийн ойн баярын мэндийг нийт Дарханчууддаа хүргэе!


Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй