Шууд Chart

Санамж бичиг үзэглэлээ

2021-10-22 11:47:56

Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлт, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэ хүрээнд өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо Санхүү эдийн засгийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, СЭЗИС-ын ректор Б.Мөнхбаяр нар үзэглэж зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг тодойрхойлох, бодлого зохицуулалтын оновчтой зөв шийдвэр гаргахад түлхэц болсон хамтарсан судалгаа, шинжилгээ хийх цаашилбал гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Санхүүгийн зах зээлд технологийн дэвшил гүнзгий нэвтэрч байгаатай холбоотойгоор зах зээлийн эрсдэлийн түвшин, хүчин зүйл, эрсдэл даах чадвар, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийж, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс болон бусад судалгаа, шинжилгээг хийх, зах зээлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлэх загварчлалыг хамтран гаргахаар зорьж байна. Бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай” гэсэн юм. Харин СЭЗИС-ын ректор Б.Мөнхбаяр “СЭЗИС-ын зүгээс Хороотой хамтран ажиллах болсондоо талархаж байна. Бидний хувьд Хорооны зохицуулалтын салбар болон шинэ технологи, финтек, комплайнс, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мөн бусад судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, судалгаандаа ахисан түвшний оюутнуудыг оролцуулах болно” гэдгийг онцолсон юм.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд мөн санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд дэлгэрүүлэхэд шаардлагатай судалгаа хийх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан сургалт зохион байгуулах, техник арга зүйн туслалцааны хөтөлбөрүүд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.  

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Санамж бичиг үзэглэлээ   
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй