Шууд Chart

Агаар, орчны бохирдлыг бууруулах 30 орчим технологийг танилцуулав

2022-01-29 06:57:01

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд ээлтэй ногоон техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна.
 
Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.
 
Нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнг 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнгээр аж ахуйн нэгж байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник технологи болон орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулдаг. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон технологийн үзэсгэлэнг ойн чиглэлээр зохион байгуулсан бол энэ удаад Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийг олон нийтэд таниулан, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэн ажиллаж байгаа нь бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.
 
Засгийн газрын тогтоолоор Аж ахуйн нэгжийн албан татвараас байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг чөлөөлсөн байдаг. Мөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 14 тоног төхөөрөмжийг чөлөөлжээ.
 
Түүнчлэн Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн 16 аж ахуйн нэгж байгууллагад БОАЖЯ-наас "Ногоон гэрчилгээ" олгосон байна.
 
Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 760 гаруй иргэнд жилийн 9 хувийн хүүтэй 9,6 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон юм.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

Агаар, орчны бохирдлыг бууруулах 30 орчим технологийг танилцуулав  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй