Шууд Chart

Мод тарих тохиромжтой үе хэзээ вэ

2022-02-24 13:09:52

Мод тарих тохиромжтой үе
 
Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.
 
Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ
 
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.
 
Хөрс хамгийн чухал нь
 
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй.
 
Үндсийг огт гэмтээж болохгүй
 
Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.
 
Усалгааг хэрхэн хийх вэ
 
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.
 
Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүлээрэй хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, орчноо сайжруулцгаая. 
 
Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ.
 
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Мод тарих тохиромжтой үе хэзээ вэ   
Үзсэн: 2948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-20 17:47
гоё байлаа
Зочин [127.0.0.xxx] 2023-10-23 14:27
маш гоё
Зочин [127.0.0.xxx] 2023-03-29 14:05

Бидэнтэй нэгдээрэй