Шууд Chart

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд Хэнтий аймагт ажиллалаа

2022-05-20 10:01:21

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр ажиллаж байгууллагын үйл ажиллагаатай танилцан дараах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Үүнд:
 
- Хэнтий аймгийн хэмжээнд Газрын удирдлагын нэгдсэн цахим системийг бүрэн нэвтрүүлэх, нөхөн бүрдүүлэлтийг энэ онд багтаан дуусгах, холбогдох бэлтгэл ажлыг хангах,
 
- Газрын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу орон нутагт хуулийн шинэчлэлийн төслийн талаар мэдээлэл хүргэх,
 
- Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг сумдуудад хангуулах, нэгдсэн өнгө төрх стандарттай тэмдэг, тэмдэглэгээг ашиглах,
 
- Зам, шугам сүлжээний газруудын хамгаалалтын бүс, зурвас газруудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээллийн санд бүртгэх,
 
- Тус аймгийн хэмжээнд 2020-2021 онуудад хүчтэй доройтсон газрын хэмжээ гурван хувиар нэмэгдсэн. Иймээс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд доройтсон газрыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн ажлуудыг нэмэгдүүлэх, бэлчээр сэлгэх, зохистой ашиглах талаар арга зүй, зөвлөмж өгч ажиллалаа.
 
Түүнчлэн Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нартай уулзаж тус аймгийн хэмжээнд газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй асуудал болон Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд салбарт гарах шинэчлэл, түүний бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл хүргэлээ.
 
Мөн аймгийн удирдлагуудтай Барилгын материалын лабораторын барилга барих ажил, газрын харилцааны салбар дахь хүний нөөцийг бүрдүүлэх, хаягжилтийн тухай хуулийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, нэгдсэн стандартаар тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, газрын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогын тодорхой хувийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулах талаар санал солилцож, орон нутгийн удирдлагууд дээрх санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
 
Энэ үеэр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарт идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа албан хаагчдыг Газрын харилцааны тэргүүний ажилтан, Барилга, хот байгуулалтын сайдын жуух бичиг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшуулав гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд Хэнтий аймагт ажиллалаа  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй