Шууд Chart

ЮНЕСКО-той хамтран боловсролын салбарт цахим шилжилтийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж байна

2022-05-23 11:21:41

Дижитал чадамжийн хэрэглэгдэхүүн ба боловсролын нээлттэй нөөц материалыг танилцуулах арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн оролцлоо.
 
Дижитал чадамжийн хэрэглэгдэхүүн ба боловсролын нээлттэй нөөц материал боловсруулах, бүх нийтийн хүртээл болгох, багшийн мэдээлэл харилцаа холбооны чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр цахим сургалтын платформ хөгжүүлж, цахим болон онлайн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, контент, хичээл, сурах бичиг боловсруулан хүргэсэн. ЮНЕСКО-той хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд Монгол Улсын Боловсролын салбар дахь мэдээлэл харилцаа, холбоо технологийн бодлогын тойм шинжилгээ хийсэн. Энэ хүрээндээ ЮНЕСКО-той хамтран Монгол Улсын боловсролын салбарт цахим шилжилтийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө /2022-2026/-г боловсруулж байна.
 
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2019 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр баталсан “Боловсролын нээлттэй нөөц материалын тухай зөвлөмж”-ийг баримтлан “Цахим сурах бичиг, ерөнхий боловсролын сургалтад ашиглах сургалтын нээлттэй материалд тавих шаардлага”-ыг батлан хэрэгжүүлж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэдээлэл харилцаа, холбооны технологийн цогц чадамжийн нийтлэг шаардлагыг баталсан. Тус шаардлагыг хэрэгжүүлэх удирдамжийн төслийг нэгтгэн боловсруулж батлуулан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга дурдлаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

ЮНЕСКО-той хамтран боловсролын салбарт цахим шилжилтийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж байна  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй