Шууд Chart

Үр тарианы тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна

2022-05-26 16:06:16

Хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна. 

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байгаа юм. 

Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ. 

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.

2022 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 

28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Салхи: 

28-нд нутгийн зарим газраар, 
29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 

28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 
29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 
31-нд ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Үр тарианы тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй