Шууд Chart

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ

2022-06-20 18:00:31

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна.
 
Аяныг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулах юм. Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, холбогдох мэргэжилтнүүд, ГССҮТ, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн 103 ЯТТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Осол гэмтлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар оролцлоо.
 
 

 
 
Өнөөдөр дэлхий дахинд авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэршээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
 
Манай улсад 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан. 2022 гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өссөн байна. 100.000 хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор  Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас 3 дахин их байгаа үзүүлэлт юм. Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэж байна.
 

 
Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт томоохон осол болж ЭМЯ, ОБЕГ хамтран нисдэг тэргээр гэмтэл авсан иргэдийг ГССҮТ–д тээвэрлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Зам тээврийн ослын үеийн анхны тусламж, яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, авто зам дагуух үйлчилгээний газар, цагдаагийн пост зэрэг газарт холбогдох төрийн байгууллагуудтай хамтран анхны болон яаралтай тусламж үзүүлэх жишиг цэгүүдийг МУЗН, ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэг, тусламжаар байгуулж, үйл ажиллагааг тогтворжуулан ажилласан нь тодорхой үр дүн өгч байна.
 
 
 
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үндэсний хэмжээний аяны гол зорилго нь зам тээврийн ослыг гарахаас өмнө сэргийлэх юм. Зам тээврийн осол, бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн хүний үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал. Эрүүл мэнд эрсдвэл, бүх зүйл эрсддэг. Эрүүл иргэн үндэсний баялаг, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой аялал, амралтаа ая тухтай өнгөрүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй