Шууд Chart

ЗГ: Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна

2022-08-03 18:56:53

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 03-нд болж, Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.

Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.


ЗГ: Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй