Шууд Chart

Нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд ногоон байгууламж байгуулна

2022-09-20 12:01:04

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад төлөөлөл Баянгол дүүрэгт ажиллалаа.
 
Тэрбээр тус дүүргийн 8, 16, 20, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн агаар орчин, хөрсний бохирдлын асуудлаар газар дээр нь биечлэн ажиллаж, эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хорооны удирдлагуудтай санал солилцож, гарц шийдлийн талаар ярилцлаа.
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 19 байршлын орон сууцны хороолол дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, моджуулах ажил БГД-т үргэлжилж, тус дүүргийн наймдугаар хорооны орон сууцны хороолол дунд, төв замын хажууд найман төрлийн 90 орчим модыг мэргэжлийн байгууллага, иргэд, хорооны дэмжлэгтэй тарьж, тус хорооны СӨХ, иргэдэд хүлээлгэн өглөө.
 
Мөн тус дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамж, 4-р цахилгаан станцын урд байршилтай нийт 50 га талбайд Баянгол-агропарк, спорт, соёл амралтын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, төлөвлөгдөж буй төслийн явцтай танилцав. Уг төсөл нь Улаанбаатар хотын 2030 хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан нийт 50 га бүхий талбайг дөрвөн хэсэгт хуваан мод үржүүлгийн талбай, хүлэмжийн аж ахуй, иргэд аж ахуй нэгж мод тарих бүс, эко сургалтын төв болон гадны олон улсын хамтын ажиллагааны нэрэмжит төгөл паркийн бүс, спорт, амралт зугаалгын бүс зэрэг байдлаар ерөнхий төлөвлөлтөө хийхээр төлөвлөжээ.
 
“Баянгол Агропарк ОНӨТҮГ” нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын тогтоолоор 2019 онд “ Баянгол Агропарк ОНӨТҮГ” нэртэйгээр байгуулагдаж, өнөөгийн байдлаар 27 анги танхим, урлаг заал бүхий 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна мод үржүүлгийн болон өвөл, зуны, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, Ногоон хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд иргэдэд экологийн боловсрол олгон эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дүүргийнхээ хэмжээнд хэрэгцээтэй мод, модлог ургамлын хэрэгцээг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ тус байгууллагын удирдлагууд танилцуулж байсан юм.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

Нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд ногоон байгууламж байгуулна  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй