Шууд Chart

Нэг "нууц үг" бүх хаалгыг нээж байна

2026-05-05 08:14:06

Өглөө бүр бид утсаа асааж, сошиал сүлжээгээ шалгаж, имэйлээ нээдэг. Зарим нь ажлын систем рүүгээ нэвтэрнэ. Бидний өдөр тутмын энэ энгийн үйлдлүүдийн цаана нэг чухал зүйл байдаг нь нууц үг.

Гэвч энэ жижигхэн “хаалга” сүүлийн жилүүдэд улам эмзэг болжээ. Саяхан нийтлэгдсэн судалгаагаар 2024–2025 онд дэлхий даяар гарсан олон зуун дата алдагдлын улмаас 19 тэрбум гаруй нууц үг ил болсон байна. Энэ бол зөвхөн тоо биш, дэлхийн сая сая хүний цахим амьдралын “түлхүүр” задгай болсон гэсэн үг.

Хамгийн анхаарал татах нь, алдагдсан нууц үгсийн 94 хувь нь давтагдсан байжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг ижил нууц үгийг олон сайт, аппликейшнд ашигладаг хэвээр байна.

Тэгэхээр нэг сайт дээр мэдээлэл алдагдахад, нөгөө бүх хаалга нь дагаад нээгддэг гэсэн үг.

Хачирхалтай нь, технологи хөгжсөн ч хүмүүсийн зуршил төдийлөн өөрчлөгдсөнгүй. “123456”, “password” гэх мэт нууц үгс өнөөдөр ч хамгийн их хэрэглэгддэг хэвээр. Эдгээрийг хакерууд секундийн дотор таамаглах боломжтой.

Кибер халдлагын арга улам нарийсаж, автоматжиж байгаа энэ үед хэрэглэгчийн хамгийн сул тал нь техник биш, харин хүний хялбаршуулсан сонголт болж байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хакерууд нэг удаа алдагдсан мэдээллийн санг ашиглаад ижил нууц үгтэй бусад аккаунтууд руу нэвтрэх оролдлого хийдэг. Үүнийг “credential stuffing” гэж нэрлэдэг бөгөөд өнөөдөр хамгийн түгээмэл халдлагын нэг болжээ.

Тиймээс нууц үг гэдэг зүгээр нэг санахад амар код биш, харин таны цахим ертөнцийн хамгаалалт юм.

Өдөр бүр ашигладаг имэйл, сошиал хаяг, банкны апп — бүгд ижил “түлхүүр”-тэй байвал, тэр түлхүүр алдагдах мөчид бүх зүйл нээлттэй болно.

Иймээс хэрэглэгчид:

  • нэг нууц үгийг олон газар ашиглахгүй байх,
  • том, жижиг үсэг, тоо, тэмдэгт хослуулах,
  • хоёр шатлалт баталгаажуулалт ашиглах зэрэг энгийн боловч чухал алхмуудыг хийх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд, нууц үг бол таны хамгийн анхны хамгаалалт. Түүнийг хялбар сонгох бүрт, та өөрийнхөө бүх мэдээллийг хялбар алдах эрсдэлд ойртуулж байдаг.


Нэг "нууц үг" бүх хаалгыг нээж байна  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй