Монгол орны унаган амьтдын нэг хулан нь шилжилт хөдөлгөөний цар хүрээ, ашигладаг нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд судлагдсан хөхтөн амьтдын дундаас онцгой байр суурь эзэлдэг. Өнөөдөр дэлхийн хулангийн нийт популяцийн 84 гаруй хувь буюу 91 мянга орчим бодгаль Монголын говьд тархан амьдарч байна.
Гэвч амьдрах орчны тасалдал, шугаман дэд бүтэц, бэлчээр усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс хулангийн оршин тогтнолд томоохон сорилт болсоор байна. Иймээс энэ нүүдэлчин зүйлийн урт хугацааны хамгааллын үндэс нь өргөн уудам нутагт чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг хадгалж, холбоос нутгийг хамгаалан сэргээхэд оршиж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Хил хамгаалах байгууллага, хувийн хэвшил болон олон улсын донор байгууллагууд хамтран хамгаалал, судалгаа, мониторингийн олон ажлыг хэрэгжүүлж байна.
Олон талт хамтын ажиллагааны бодит үр дүн нь Транс-Монголын төмөр замын зүүн талд, хулангийн түүхэн тархац нутагт дахин сүрэг ажиглагдаж эхэлсэн явдал юм. Энэ нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг хамгаалж, сэргээх чиглэлд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаа аж.
| Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.