Шууд Chart

КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллана

2022-09-25 10:53:52

АНУ, Япон, Австрали, Энэтхэг гэсэн дөрвөн улсын Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ буюу КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллахаар Нью-Йорк хотноо тохиролцсон байна.

Мөн хүчээр улс орны статус квог өөрчлөх нэг талыг барьсан аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа КУАД эвслийн дөрвөн орны гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Японы гадаад харилцааны сайд Хаяаши Ёошимаса, Австралийн гадаад хэргийн сайд Пенни Вонг, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Жайшанкар нар НҮБ-ын чуулганы хүрээнд уулзалт хийжээ. Энэ үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар санал солилцож, чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далай үзэл санааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.

Японы талаас дэлхий нийт цар тахал, Украины дайнаас улбаатай хүнсний аюулгүй байдал зэрэг олон сорилттой тулгарч байгаагийн зэрэгцээ Украинд болж байгаа дайн дэлхийн тогтсон дэг журмыг  савлуулж байна гэж дүгнэжээ. Тэрбээр НҮБ-ын үүрэг оролцоог өргөжүүлэх шаардлагатай ялангуяа аюулгүйн зөвлөлийг шинэчлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

КУАД-ын дөрвөн орон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнуудын тоог нэмэгдүүлэх зэргээр яаралтай шинэчлэлт хийх нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Анх 2004 онд хүмүүнлэгийн туслалцаа, гамшгаас авран хамгаалах чиглэлд эвсэж байсан Австрали, АНУ, Япон, Энэтхэгийн КУАД эвсэл 2017 оноос хойш БНХАУ-ын далай тэнгис дэх өргөжин тэлэлт, үйл ажиллагааг хязгаарлах чиглэл рүү  явж байна.

Трамп, Байдены засаг захиргааны аль аль нь КУАД-ыг Энэтхэг-Номхон далайн бүсэд илүү анхаарал хандуулах гол түлхүүр гэж үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллана  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй