Шууд Chart

Охидын эрх сургуулийн орчинд хамгийн их зөрчигддөг

2016-10-11 10:06:44

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.



Харин Монгол Улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг 3 төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр "Биднийг сонс" хоёрдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан "Гүнж" төвийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяагаас зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрбээр "Энэ удаагийн чуулганд 200 охинг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 120 охин онлайнаар бүртгүүлээд байна. Эдгээрийн дээр зорилтот бүлгийн болоод хөдөө орон нутгийн төлөөллүүдийг оролцуулах юм. Чуулганыг дөрвөн үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж хамгийн чухал нь охидод тохиолдож буй тулгамдсан асуудлууд, түүнийг төрийн болоод төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярилцана. Мөн охид энэхүү тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд ямар санаачлага гаргаж, зохион байгуулсан бэ гэдгийг сонсохоос гадна энэхүү асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар нэгдсэн зөвлөмж гаргахыг зорьж байна. 2014 онд зохион байгуулагдсан анхдугаар чуулганд 165 охид оролцож байсан. Тэдний ярьж байснаар охидын эрх сургуулийн орчинд хамгийн их зөрчигддөг юм байна. Тиймээс бид чуулганы дараагаас "Охидод ээлтэй сургууль" компанит ажлыг долоон сургууль дээр зохион байгуулсан. Түүний нэг нь хөдөө орон нутагт буюу Дорнод аймагт байгуулагдсан. Ирэх 14-ний өдөр зохион байгуулагдах чуулган дээр энэхүү компанит ажлын үр дүнгийн талаар охид ярих болно" хэмээн ярилаа.

2015 оны тоон статистикаас харахад Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд түүний 14 хувь буюу 225787 нь 10-19 насны охид, 21 хувь буюу 335074 нь 0-10 насны охид байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд "Биднийг сонс" охидын хоёрдугаар чуулганы бүртгэл энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Охидын эрх сургуулийн орчинд хамгийн их зөрчигддөг  
Үзсэн: 5051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй