Шууд Chart

Сүрьеэ өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үзүүлж буй нийгмийн хамгааллын асуудлаар мэдээлэл өглөө

2022-09-30 15:01:03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” чуулган өнөөдөр зохион байгуулагдлаа.
 
Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Сүрьеэд өртсөн иргэн болон түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамж, дэмжлэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүний дотор Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр сүрьеэ өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон 16 ба түүнээс дээш насны иргэд, тэдэнд үзүүлж буй нийгмийн хамгааллын арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
 
Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 8 дугаар сарын мэдээгээр Сүрьеэ өвчний заалтаар оношлогдсон нийт 700 орчим иргэн байгаагаас 64.5 хувь эрэгтэй, хөдөлмөрийн насны иргэд байна.
 
Сүрьеэ өвчтэй иргэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай журмын дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, тахир дутуугийн тэтгэвэр, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг олгож байна.
 
Харин нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай болох нь тогтоогдсон иргэнийг асарч байгаа хүнд асаргааны тэтгэмжийг сар бүр, асаргаатай иргэнд өөрт нь улирал бүр амьжиргааг дэмжих тэтгэмж олгодог. Тэтгэвэр, тэтгэмжээс гадна рашаан сувилал, түлш худалдан авах болон орон сууцны төлбөр, тээврийн хэрэгсэл, замын зардлын хөнгөлөлт, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ зэргийг холбогдох хууль, журмын дагуу үзүүлж байна.
 
Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд иргэдийг Сүрьеэгийн эрт илрүүлэгт хамруулан илрүүлэх, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд оношилж, эмчилгээнд хамруулан хүнсний багцын дэмжлэг үзүүлж байгаа талаар танилцуулав гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

Сүрьеэ өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үзүүлж буй нийгмийн хамгааллын асуудлаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй