Шууд Chart

Хүүгээ л гэсэн ээж минь

2014-06-30 14:35:29

Хүүгээ л гэж зүүрмэглэж, хүүгээ л гэж зүүдлэж, хүүгээ л гэж амьдарч, хүүгээ л гэж өтөлсөн хөөрхий ээж минь.  Хүүгээ л гэсэн энэ  хайраар  хорвоог  зөөллөж, хотлыг  ундаалсан өр нимгэнхэн ховорхон ээж минь, хосгүй ээж минь.

 Үдэш хүүгээ  санаж мэгшинэ. Шөнө хүүгээ зүүдлэж баясана. Өглөө  хүүгээ бодож сэрнэ.  Өдөржин хүүгээ санаж өнжинө.  “Хүү минь өлөн гараад өлсчих вий дээ” гэж үглэнэ,  уймарна.  Тэсэхгүй утасдана. “Миний хүү хоолоо идэж, цайгаа уугаад гараарай” гэж өглөө бүр л сануулна.  “Хүүгийнхээ дуу сонсохоор сайхан байна” гэнэ.  Хүүгээ л гэсэн  ээж минь.

Тэнгэр муухайрахад сэтгэл нь дагаж өвддөг, хайлган ээж минь. Хүүгээ л гэсээр л тэр.  “Хаврын хүйтэн хавсарганд цохиулах вий дээ” гэж хайрлана.

“Зуны аагим халуунд халууцчих вий дээ” гэж санагалзана. “Намрын хонгор салхинд гандах вий дээ” гэж бодлогоширно. “Өвлийн хахир жаварт  хайруулчих вий дээ” гэж  хайлна.  “Хүүгээ санаад байх юм даа”  гэж чимээгүйхэн өөртөө шивнэж тэнгэрт залбирч өтөлнө. Хүүгээ л гэсэн уяхан ээж минь.

Гандаж, гундаж  явахад  ч, гангарч гунхаж байхад ч хайраа л эвдэг, хайраар л тосдог хайран ээж минь. Сайн сайхан бүхнийг нь сануулж нэг хайрлана. Саар муу хоёрыг эргэцүүлж бас хайрлана. Бүр төрсөн өдрийг нь хүртэл хорвоогийн хосгүй өдөр болгон хайрлана. Балчир насыг нь дурсан уйлж хайрлана. Алдаа, оноо хоёр  угтаа ав адилхан гэдгийг ухааруулж мөн хайрлана.  Хүүгээ л гэсэн хайрыг цалигааж өтөлсөн сайхан  ээж минь.  

Зуу хүрсэн хэрнээ 50 гарсан хүүгээ “хүү минь”  л гэсээр “хүү нь өвдөж хүүгийн минь зовоочих вий дээ” гэж өр нимгэрч өтлөх хорвоод  ховорхон, хосгүй ээж минь.

Ц.Лувсандорж 

Нийтэлсэн: Ц.Лувсандорж

Хүүгээ л гэсэн ээж минь  
Үзсэн: 3189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй