
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог бүтээн байгуулалтын томоохон зорилттой уялдуулах, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын агуулга, хөтөлбөрт шинэчлэл хийж, ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, сургалтын уян хатан хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зэрэг хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.
Мэргэжлийн боловсролыг бүрэн дунд боловсролтой хослуулан гурван жилийн хугацаанд эзэмших, бүрэн дунд боловсролын агуулгыг бусад суралцагчтай ажил тэгш байдлаар эзэмших, хөдөлмөрийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн салбарын онцлог, улирлын ажлын нөхцөлтэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар эхлүүлэх өөрчлөлтийг тусгасан байна.
Мөн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийн дагуу боловсролын түвшин хоорондын уялдааг хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад шатлан суралцах боломжийг олгох, багш хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангаж, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсөөр хангагдах боломжийг олгох зохицуулалтыг оруулжээ. Өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх цогцолбор хотхон, кампус хэлбэрээр буюу салбар дундын дадлагын бааз, чадамжийн төв хэлбэрээр хөгжүүлэх асуудлыг мөн тусгажээ. Түүнчлэн суралцагчдад ажлын байран дээр шаардагдах практик ур чадвар эзэмшүүлэх, сургалтыг зохион байгуулахад өртөгт суурилсан санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэлийг өргөжүүлэх, суралцагч эцэг эх, асран хамгаалагч, ажил олгогч, мэргэжлийн холбоод, бусад сургалтын байгууллагын эрх, үүргийг нэмэгдүүлсэн байна. Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байранд суралцахдаа гурван талт гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын гүйцэтгэхэд тохирсон ажлын хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд суралцах шаардлагатай үйлчилгээгээр хангагдах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэх, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар, бүтээмжтэй иргэнийг насан туршид нь тасралтгүй хөгжүүлэх тэгш боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, нийлүүлэлтэд эерэг өөрчлөлт авчрах болно гэж тооцсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн заалт хоорондын уялдаа холбооны талаар, бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтны мөнгөн тэтгэмж ижил байгаа эсэх, салбарын онцлогоос хамаарч хүүхэд хамгааллын талаарх зохицуулалтыг тусгасан эсэх, мэргэжлийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төсөлд ажил мэргэжлийн стандарт хэрхэн туссан, Дээд боловсролын тухай хуультай нэр томьёоны тодорхойлолт нийцэж байгаа эсэх, хувийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагыг хэрхэн дэмжиж байгаа болон суралцагчийн тэтгэлгийн талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ямар ч насны хүн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч болно гэхээр орон нутаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, хувийн сургуулиуд хувьсах зардал авах зорилгоор баахан хүмүүс бүртгэчихдэг гэсэн яриа байсан. Энэ асуудлыг яамнаас судалсан уу. Үнэхээр хичээлдээ суудаггүй, зүгээр бүртгүүлчхээд сарын 200.000 төгрөгийн тэтгэмж авдаг асуудлыг шалгасан уу. Цаашдаа мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах насны хязгаар тавьж явахгүй бол хэтэрхий хавтгайрсан халамжийн байгууллага шиг болчхоод байгаа шүү дээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд, мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар хэрхэн тусгасан бол гэсэн асуулт асуусан.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, 200.000 төгрөг авахын тулд хүмүүсийг бүртгэдэг, эсвэл ЕБС-д суралцаж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг ашиглах зэрэг байдал олон жил ужиг болсон юм байна лээ. Энэ салбар боловсролын салбарт ирснээрээ боловсролын мэдээллийн тогтолцоонд орно. Ингэснээр дээр дурдсан асуудлуудыг засаж, залруулаад явчих боломж байна гэж харж байна. Насны хязгаарын талаар хэлэлцүүлгийн үеэр нээлттэй ярилцах нь зүйтэй болов уу гэсэн хариулт өгсөн. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүд асуулт асууж, хариулт авсанаар өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.