Шууд Chart

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй

2025-06-30 17:24:58

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Багахангай дүүрэгт ажиллаж, бүтээн байгуулалт, үерийн далан шуудуу, явган хүний зам, соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа. Мөн тус дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн барилгын нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, асуудлын шийдлийг хэлэлцсэн юм.



Уг 44 дүгээр цэцэрлэг 2008 онд ашиглалтад орж, үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа боловч барилгыг ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж аваагүй, бичиг баримтын асуудалтай байгаа юм. Учир нь тухайн барилгыг барьсан компани дампуурсан. Бичиг баримт дутуу бүрдүүлсэн. Чанаргүй барилга барьсан. Багахангай дүүрэг хоёр хороотой бөгөөд уг цэцэрлэгт нэгдүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Нийт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт одоо 200 гаруй хүүхэд суралцаж, цэцэрлэг хүрэлцээгүй учраас улсын комисс хүлээж аваагүй ч ашиглахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг тайлбарлалаа. Энэхүү цэцэрлэгийн барилга дээр холбогдох дүгнэлт гаргуулж, шийдвэрлэх талаас нь авч үзэх хэрэгтэйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай үүрэг болголоо. 44 дүгээр цэцэрлэгийн барилгын зарим хэсэгт хана цуурсан, шал цөмөрсөн, сангийн асуудлууд байгаа зэрэг нь хүүхэд сурч боловсроход хэцүү гэдгийг хотын орлогч хэлэв.



Багахангай дүүрэгт нийт гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цаашид нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 200 хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгааг тус дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг учирласан. Багахангай дүүрэг төмөр замын бүтээн байгуулалттай уялдан хөгжих боломжтой буюу дөрвөн зүг рүү чиглэсэн төмөр замын зөрлөгтэй. Төмөр зам, аж үйлдвэрийн бүсээр дагуул хот болон хөгжих бүрэн бололцоотой. Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн далан байгууламж, аж үйлдвэрийн паркт нь дэд станц, цахилгаан эрчим хүчний хангамж хүрэлцээгүй. Соёлын төв өргөөний барилгын ажил удааширч байгааг шийдүүлэх шаардлагатайг Багахангай дүүргийн холбогдох албаныхан хэллээ.


Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй