
-МУИС-ийн багш, доктор, робокон тэмцээний дүрмийг зохион боловсруулсан Ө.Батбаяртай робокон тэмцээний өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай ярилцлаа.
-Хэдэн оноос эхэлж робоконтой холбогдсон бэ?
Миний хувьд 2004 оноос робокон тэмцээнтэй холбогдсон. Тухайн үед ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн робоконы багийн ах нар дээр очиж би робокон тэмцээнд ормоор байна гээд дагалдаж явж эхэлсэн.
Тэр үеийн робокон тэмцээнд оролцож байсан багийн гишүүд, оролцож байгаа залуусын хамрах хүрээ, оролцоо мөн үзэгчдийн сэтгэл хөдлөл маш өндөр, өрсөлдөөнтэй болдог байсан.
2000 оны эхэн үед интернэтийн хэрэглээ одоо үеэс өөр байсан. Технологи дөнгөж хөгжиж эхэлж байсан. Юм бүхэн сонин байсан. Ялангуяа роботууд маш сонирхолтой байсан. Мөн тухайн үед оролцож байсан оролцогч хүүхдүүдэд болон үзэгчдэд их сонин байсан. Тиймээс тухайн үеийн үзэгчдийн сэтгэл хөдлөл ч маш өндөр байсан.
-Одоогоос 21 жилийн өмнө ШУТИС-ийн Механик тээврийн сургууль олон улсын тэмцээнийг Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Тэр үед монголын баг тамирчид олон улсын тэмцээнд оролцож эхлээд хоёрхон жилийн дотор олон улсын тэмцээнд 3-рт орж байлаа. Тэр үед маш их бахархаж гайхаж байсан. Яахав тухайн үед роботууд голдуу механик байсан?
-2004 онд Механик инженерийн сургууль гэж байсан. Энэ сургуулийн баг бид нарт үнэхээр үлгэр жишээ баг байсан. Миний хувьд анх робокон тэмцээнд ороод дөнгөж шинэ гишүүн болоод ах нараа дагаад явж байхад тэнд хүмүүс дэлхийн шилдэг дөрвөн багийн нэг боллоо гээд зарлагдахад надад үнэхээр гоё байсан. Тэгээд би яг ийм л болмоор байна, яг ийм л робот хийдэг болмоор гэдэг зорилт тавьсан. Энэ үед МИС-ийн баг үнэхээр сайн байсан. Бид МИС-ийн багаас маш их зүйлийг сурсан. Тэр үед Япон, Солонгос, Хятадын багууд Монголын багийг хоёрхон жилийн дотор робот зохион бүтээгээд 3-р байранд орсонд магтаж, гайхаж байсан.
Намайг бакалавраа төгсөхөд, МУИС-д багшаар орооч гэсэн санал тавьж байсан. Тухайн үед бакалавр төгссөн учраас багш биш сургалтын инженер буюу лабораторид хичээл заадаг багшаар МУИС-д багшаар ажилд орж байсан. Би багшлахын хажуугаар 2 дахь чухал ажил маань робокон тэмцээнд баг удирдах байсан. Анх сургуулиа төгсөөд Ч.Лодойравсал багшийн удирдлагад багш болох гэж МУИС-т ажилд орсон.
Ингээд Ч.Лодойравсал багштайгаа хамтраад баг удирдаж байна. Миний туршлага гэвэл тэр чигтээ Холбоо мэдээллийн технологийн сургуулийн багш нар болон ах нарын заасан туршлага болон санаа шийдэл бүх зүйлийг бариад МУИС-т очиж байсан. Энэ үед робокон тэмцээнд орж буй 2-р курсийн оюутнуудад менежмент хийсэн. Ч.Лодойравсал багш чи энэ хүүхдүүдийг анхнаас нь удирдаад чиглүүлээд яваарай гэж байсан. Одоо тэд маань мундаг том инженерүүд болсон байна.
Ингэж л 2004 онд түрүүлэх гараа тэндээс эхэлж байсан.
-2010 онд Египетээс буцаж байхдаа хоёулаа Олон улсын тэмцээн зохиох хүсэл мөрөөдөл байгаагаа бие биендээ яриад, шамдаж, Үндэсний тэмцээнийг хамтарч олон улсын жишигт хүргэх зорилт тавиад маш олон ном хэвлүүлж байлаа. Ингээд 2019 онд анх удаа Монголд Олон улсын роботын тэмцээн зохион байгуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэж оролцсон хүн бол Ө.Батбаяр та. Энэ тэмцээнд ямар ямар үйл явдал болж байв. Хэцүү бэрхшээлтэй, сайшаалтай зүйл маш их гарч байсан?
-Японд 2017 онд Монгол Улсад Олон Улсын роботын тэмцээн зохиох яриа хэлэлцээ хийж байсан. Ингээд 2018 онд Вьетнамд олон улсын роботын тэмцээнд болж тэндээс роботын олон улсын тэмцээн зохиох туг шилжүүлж авч байсан. Ингэж л олон жилийн мөрөөдлөө биелүүлж байлаа. Сонирхолтой зүйл юу байсан гэхээр Робоконы дүрмийг зохион байгуулж байгаа улс нь өөрсдөө зохиодог. Түүгээрээ дамжуулан улсаа сурталчлах боломжийг олгодог. Анх удаа зохиож байгаа учраас соёл, уламжлал түүх байх нь гарцаагүй байсан. Ингээд түүхээ судлаад үзсэн. Ингээд Монголчууд бол хүн төрөлхтний түүхэнд оюун ухаанаар хөрөнгө оруулалт хийсэн юм шүү, хүмүүст мэдлэг өгсөн юм шүү гэдэг мессеж өгмөөр байсан. тэгээд түүхээс судлаад үзэхлээр нэг зүйл тодорч гарч ирж байсан. Энэ нь юу байсан гэхээр өртөө байсан. ингээд дүрэмдээ өртөө гэдэг зүйлийг байлгамаар байна гэж бодсон. Мөн Монголд анх удаа болж байгаа гэдэг утгаараа нэлээд онцлог байлгамаар байсан. ингээд манай монголчууд морийг маш их дээдэлдэг ард түмэн. Тэгээд өртөө гэдэгтэйгээ холбоод өртөө рү мориор явна, морь гэдэг чинь 4 хөлтэй. За тэгвэл роботыг заавал 4 хөлтэй байлгая гэдэг санаа гараад робоконы түүхэнд анх удаа алхдаг робот хийсэн тэмцээн болсон түүхтэй. Мөн хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр гэвэл Чингис хааны алтан гэрэгэ байсан. энэхүү тэмцээнд орсноор гэрэгэг мэдэж авч байна, өртөө гэдэг зүйлийг мэдэж авч байна, мөн тухайн тоглоомын талбайг дандаа монгол нэрээр нэрлэсэн байдаг. Тухайлбал, Говь, Хангай, шагай гэх мэтчилэн нэрлэсэн.
-2019 онд Монголчууд ABU робокон Олон Улсын роботын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулсан. Энэнээс хойш роботын тэмцээн ковидоос шалтгаалан 3 жил дараалан онлайнаар болсон. 2023 оноос эргэн ирэлт хийсэн шүү дээ?
-Яалтчгүй хүн төрөлхтөн цар тахалд нэрвэгдээд хөл хорио тавигдсан. Тэмцээн онлайнаар явагдсан байдаг. Онлайнаар явагдахад бодитоор үзэгчтэй юм шиг гоё явагдаж бол чадаагүй. Үүнээс шалтгаалаад оролцох улсын тоо ч буурсан. Өнгөрсөн жилээс эхлээд буцаад зохион байгуулалт руугаа орж байна. Ингээд Монгол Улсад зохион байгуулах эрхээ авсан.
-2025 оны тэмцээний дүрмээ хэрхэн бодож олсон бэ. Яагаад заавал сагсан бөмбөгийн спорт гэж?
-Яг өнгөрөгч оны 9 сард MNB тэмцээн зохион байгуулах санал солилцож эрхээ авсан юс. Энэ үеэс дүрэм боловсруулах ажилдаа орсон. Тухайн үед тэмцээний дүрэм боловсруулалт дээр би ганцаараа байсан учраас 2 санаа гаргасан. Үүний нэг нь археологийн олдворт суурилсан буюу Өмнөговь аймагт байдаг “Улзах цонж” гэдэг хавцал. Тэндээс олдсон ноцолдож буй 2 динозавр гээд археологийн олдвор байдаг юм. Энэ ноцолдож байгаад чулуужсан араг яснаас сэдэвлээд, тэр хоёр динозавр үер болж байгаа газраас өндөгнүүдийг аврах гэж байгаад нэг нэгэндээ өндгөө дамжуулдаг ингээд “Улзах цонж” дээр өндөгнүүдийг гаргаж тавьдаг ийм нэг дүрэм байсан. Энэ дүрмийн дутагдалтай тал нь уламжлалт буюу робокон тэмцээний талбайд гараад л 2 талаасаа роботууд уралдах маягтай байсан. Яагаад Өмнөговь аймгийг сонгосон гэвэл манай улсын эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлж буй уул уурхай байна. Хоёрдугаарт, инженер маш их хэрэгтэй газар. Гуравдугаарт, бид нар яагаад бүх олон улсын болон улсын хэмжээнд болж буй арга хэмжээг Улаанбаатарт хийдэг юм бэ. Бид нар ер нь эдийн засгаа хөгжүүлье гэвэл орон нутагт зах зээлээ түгээх ёстой. Миний нэг мөрөөдөл юу байсан бэ гэвэл энэ тэмцээнийг Өмнөговьд хийх байсан. Хэрвээ энэ дүрэм батлагдсан бол. Хэрвээ тэмцээнээ Өмнөговьд хийж чадвал 400 жуулчин нэг дор тэнд очих байлаа шүү дээ. Энэ чинь тухайн бүс нутгийн эдийн засагт маш том дэмжлэг болох байсан байх. Нөгөө нэг нь сагсан бөмбөг тоглох дүрэм байсан. Ингээд сагсан бөмбөг тоглох дүрмээ танилцуулахад бүгд маш хэцүү гэж хүлээж авсан. Маш сонирхолтой байгаа ч энийг хүүхдүүд шууд хийх хэцүү шдээ гэж байсан. Мөн бүс нутгийнхаа өв соёлыг сурталчлах агуулгатай байх учраас динозавртай дүрмээр явуулъя гэдэг дээр тогтсон байсан юм. Ингээд цаашаа сагсан бөмбөгөөр явуулах боломжтой эсэхийг танилцуулахдаа өмнөх жилүүдийн роботын тэмцээний бичлэгийг үзүүлээд тухайлбал, үсэрдэг роботыг манай хүүхдүүд хийж чадаж байна гэдэг дүрс бичлэгийг үзүүлсэн. Тодруулбал, өмнөх жилүүдийн тэмцээнд манай хүүхдүүд сагс тоглодог робот зохиож байсан бичлэгийг үзүүлж, манай хүүхдүүдэд үсэрдэг робот зохиох технологи байна, хүүхдүүд аль хэдийн хийгээд туршчихсан байсан гэдгийг үзүүлсэн. Одоо харин сагсан бөмбөгт нийлүүлж хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал үлдсэн байсан. Ингээд NHK, ABU-ийнхан зориг ороод, наад сагсан бөмбөгтэй дүрмийг чинь нэмээд жоохон сайжруулъя гэсэн. Ингээд дүрэмдээ дизайн хийж эхэлсэн. Эцсийн шийдвэрийг MNB гаргах байсан. Бид дүрмийн сонголт дээр эргээд хараад өгөөч, сагсан бөмбөг тоглох дүрэм нь илүү сонирхолтой байж магадгүй юм байна гэж MNB рүү эргээд хандсан. Мөн энэ үеэр ABU-гээс нэг яригдаж байсан зүйл юу вэ гэхээр робокон тэмцээний үзэлт буурч байгааг хэлж байсан. Учир нь орчин үед хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйл маш их болчихсон. Маш их технологийн дэвшилтэд орчинд хүүхдүүд хэр баргийн юмыг гайхаж сонирхож үзэж хүлээж авахааргүй хэмжээний маш их мэдээлэл, технологид живсэн байна. Тэгэхээр нэг газраас нөгөө газарт юм аваачиж тавьдаг роботыг хүүхдүүд сонирхохгүй байх гэдэг зүйлийг анх хэлж байсан. Үүнд суурилж сагсан бөмбөг тоглох спорт байвал зүгээр юм уу гэдэг санааг олж байлаа. Яагаад гэхээр робоконы түүхэнд ихэнх саадуудыг цаанаас нь тогтмол бэлдчихсэн байдаг. Тэрийг тойрч гарах шүү дээ. Сагс тоглох юм бол саад нь өөрөө хөдөлдөг. Хоёрдугаарт, бүр зорьж очиж саад болно. Ингээд MNB, ABU гээд бид нар хоорондоо ярилцаад робоконы түүхэнд дахиад нэг шинэ хуудас эргүүлье гэж шийдсэн.
Ерөнхийдөө энэ удаагийн дүрэм чамгүй хүнд дүрэм байсан. Тэр ч утгаараа ихэнх улсууд тэмцээнээ хойшлуулсан. Оюутан залуустаа роботоо хөгжүүлэх хугацаа өгсөн гэсэн үг.
-Хэрвээ Өмнөговьд хийвэл тээврийн асуудал, тэмцээнээ зохион байгуулах том заал гэх зэрэг асуудал үүсэх байх?
- Заалны хувьд явуулын цирк авч болох юм байна гэж тухайн үед яригдаж байсан.
-Манай улсын хувьд робоконы түүхэнд 2004 онд 3-р байр, 2019 онд 2-р байр, 2022 онд онлайнаар зохион байгуулахад мөн 2-р байр орсон. Бид нарын амбиц бол эх орондоо зохион байгуулж буй гол давуу тал бол түрүүлэх. Сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байна. Тэгэхээр түрүүлэхийн тулд бид нар эртнээс ажилласан. 2024 оны тэмцээн дуусаж ирээд дүрмээ танилцуулаад 10,11-р саруудаас бид сорилт тэмцээнээ хийгээд эхэлчихсэн. Холоос шиддэг нэг робот зохион бүтээлээ, дараагийнх нь хоёр робот бүтээгээд өнгөрөгч 4-р сард үндэсний аваргаа шалгаруулсан. Одоо бид үлдсэн цаг хугацаандаа Олон улсын тэмцээндээ бэлдэх нь чухал байна тэ?
-Тийм. 2019 онд би бас хийж байсан. Сая 2025 оны тэмцээндээ зориулаад сорилт тэмцээнийг хэд хэдэн үе шаттай хийсэн. Робот зохион бүтээн гэдэг бол инженерийн ажил. Инженерийн ажил гэдэг бол туршилт. Хүн юуг ч сэтгэж болно. Тэрийг болох эсэхийн туршиж үзэхгүй бол биелэх эсэхийн хэн ч мэдэхгүй. Яагаад сорилт тэмцээн олон удаа зохиож багуудыг олон удаа тааруулаад байна гэвэл олон улсын тэмцээнд багаа бэлтгэлтэй байлгах үүднээс л олон тэмцээн зохион байгуулсан. Үндэсний роботын тэмцээн маш сонирхолтой болсон. Дүрэм боловсруулсан хүний хувьд надад нэг айдас байсан. Магадгүй хэтэрхий хүнд дүрэм байгаад роботууд тоглолт гаргаж чадахгүй маш уйтгартай тэмцээн болох вий гэдэг айдас байсан. Ингээд тэмцээн болоход тоглолтуудыг үзээд миний айдас ор мөргүй алга болж, эсрэгээрээ Олон улсын тэмцээний үнэхээр гоё болох юм байна гэдэг хүлээлт үүссэн.
- Робокон тэмцээн 20 гаруй жил зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээний ач холбогдол нь юу байна вэ. Хуучин цагт бол хүмүүс сонирхож их үздэг байсан. Одоо хүүхдүүд гар утас их үзэж, и спорт зэргийг сонирхох болсон. Тэмцээний Ерөнхий шүүгчийн хувьд энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Хүн болгон инженер болох албагүй. Хүн болгон өөр өөр мэргэжилтэй, хүн болгон өөрийн чадах зүйлээ хийгээд нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулдаг.
Бурхан хүнийг бүтээгээд бусдын инженер бүтээсэн гэдэг. Хөгжингүй орнуудыг харахад хэний нуруун дээр явж байна. Орчин үед бид нар юугаар өрсөлдөж байна, технологиор л өрсөлдөж байна шүү дээ. Хамгийн мууг харахад л дайн болж байна. Гэтэл тэр дайн бас л технологийн дайн болж байна. Бизнест аваад үзэхэд том том компаниуд технологитой. Тэгэхээр бид бүтээгч улс болъё гэж ярьдаг. Бүтээгч улс байхын тулд бүтээдэг мэргэжилтэнтэй байх ёстой. Бид хэтэрхий улс төржсөн болж байж магадгүй. Бид янз бүрийн зүйлд мөнгө их зарцуулдаг. Гэтэл бид нар хүндээ зориулж мөнгө зарцуулдаггүй. Ялангуяа инженер технологиор суралцаж буй оюутан залууст ерөөсөө мөнгө зарцуулдаггүй. Маш бага зарцуулдаг байсан. Сүүлийн үед сайжирч байгаа. Технологиор сурч буй оюутнуудад яагаад мөнгө зарцуулах ёстой вэ гэхээр маш өндөр зардалтай сурдаг. Технологи хийхийн тулд маш өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжийг авдаг, өндөр түвшний зүйл хиймээр байвал илүү үнэтэй өндөр түвшний технологи дээр ажиллахаас өөр арга байхгүй. Тэгэхээр бид тэр хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Тэр бүтээгчдийг бид дэмжих ёстой. Манай Монгол Улсад юм бүтээдэг үйлдвэр компани гэж байхгүй. Тэгвэл манай робокон тэмцээн бол инженерүүд, инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад юу хийж чадахаа харуулах цорын ганц боломж. Инженерийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол өнөө маргаашийн тэмцээний медалиар хэмжигдэхгүй. Харин энэ нь ирээдүйн манай улсын технологийн хөгжлөөр илэрнэ. Бид энийг өнөөдөр харахгүй. Тухайлбал, 20-иод жилийн хугацаанд робокон тэмцээнээр давхардсан тоогоор 5000 орчим оюутан дамжсан байна. Эдгээр 5000 инженер Монгол улсын инженерийн салбарт ажиллаж байна. Өшөө шилдгүүд нь гадны шилдэг компаниудад урилгаар ажиллаж байна.
Миний удирдлагад байсан оюутнуудад ч дэлхийн том компанид ахлах инженер, менежер болчихсон явж байна.
-Робокон тэмцээнд оролцож байсан залуус манай улсын томоохон үүрэн компаниуд мөн уул уурхайн томоохон компаниудад ажиллаж байна?
-Миний нэг харамсаж байгаа зүйл байдаг тэр нь бид нар чадал чинээгээрээ инженерүүдээ бэлтгэж байна, гэхдээ яг тэр бүтээлч байдлын ашиглаж чадаж байгаа гэдэгт бол Монгол Улсын хувьд асуултын тэмдэг байгаа. Үүн дээр бид нар анхаарах хэрэгтэй. Тийм бүтээлч залуусаа яагаад гадагшаа явуулаад байна вэ, яагаад Монголдоо бүтээгч, үйлдвэрлэгч үүсгэж чадахгүй байна. Юм бүтээмээр залуучууд мөрөөдлөө дагаад л гадагшаа явж байна.
-Вьетнам Улсад робокон тэмцээн маш олон удаа зохион байгуулагдлаа. Тэнд бол ерөнхий боловсролд сурч байх үеэс нь нас насны ангилалд роботын тэмцээн болдог юм байна. Олон улсын робокон тэмцээн зохион байгуулж байгаа үед улсаараа амьсгалдаг юм билээ. Тиймдээ ч Вьетнам дэлхийд авто машин үйлдвэрлээд гаргачихлаа шүү?
-Сая 2023 онд Олон Улсын хуралд оролцох гээд Вьетнамд очсон. Тэгэхэд би хамгийн анх 2007 онд Вьетнамд очиж байсан. Ингээд 2007 онд очиж байсан Вьетнам, 2023 онд очсон Вьетнам хоёр шал өөр байсан. Би үнэхээр атаархсан. Вьетнамууд машинтай болсон байсан, метро барьж байсан, Вьетнамд ганц хоёр л машин явдаг байсан бол одоо тал хувь машин унаж, тал нь мопед унадаг болжээ. Өндөр байшин барилга ярилтгүй.
Миний хамгийн их атаархсан зүйл нь тэнд багаа их сургуулийн профессорууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, тэнд байгаа технологийн компаниудын амбиц байсан. Одоо тэд хагас дамжуулагчийн үйлдвэр барих гэж байна. Гэтэл хагас дамжуулагчийн үйлдвэр ямар их хэрэгтэй вэ гэдгийг АНУ, Тайвань, Хятадын чип үйлдвэрлэлээс харж байна. Үүнийг тэд хийх гэж байна.
-2019 оны Робоконы Олон улсын тэмцээнд дүрмийн дагуу роботоо бүтээж ирсэн улс бол Хятад байсан. Дөрвөн хөлтэй робот зохион бүтээгээд ирсэн байсан шүү дээ. Одоо хэрэглэж буй цэргийн зориулалттай роботууд нь яг тэмцээнд авч ирж байсан роботууд нь байна. Тэр робот нь 50 мянган доллароор бүтсэн гэж ярьж байсан. Тэр мөнгийг яаж олсон бэ гэхэд 2005 байна уу 2006 онд Хятадын Олон Улсын роботын тэмцээнд оролцсон багийн ахлагч нь одоо Хятадын DGI гээд дроны компанид CEO хийж байгаа. Тэр хүн бидний роботын мөнгийг өгсөн гэж байсан. Тэр робот бол дотроо сэнстэй байсан. Тэр 4-н хөлт робот сэнсэндээ тэнцвэрээ олж явж байсан. Тэр үнэхээр супер робот байсан?
-Та продюсер хүний хувьд ивээн тэтгэлэг олоход хэцүү байдаг гэж байсан. Би компаниудыг мөнгө өгөхөөс харамладгийг ерөөсөө ойлгодоггүй. Инженерүүдийг авч ажиллуулдаг байж яагаад хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг юм бол. Дотоодын тэмцээн хамгийн үнэтэйдээ 100-150 сая төгрөгт бүтэж байгаа. Тэгэхэд зөвхөн тэр зардлаар тэмцээнийг төсөөлөөд байдаг. Гэтэл тэрний цаана робот хэдэн төгрөгөөр бүтэж байна, робот бүтээж байгаа хүүхдүүдийн хөдөлмөрийг яаж үнэлэх вэ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр робокон тэмцээн бол маш өндөр зардалтай тэмцээн. Анх бид робокон тэмцээнд оролцох гээд багш нарыг дагаж яваад компаниудад танилцуулгаа хийгээд мөнгө гуйдаг байсан. Робоконы баг удирддаг байхдаа ч энд тэнд очиж мөнгө гуйдаг. Тэндээс юу анзаарсан гэхээр бид гол хөгжүүлэлтдээ анхаарахгүй мөнгө хайгаад яваад байна. Тэгэхээр удирдагч багшийн ажлыг өөрчлөх ёстой юм байна гэж бодоод анх би МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал байсан Баатарбилэг захиралтай яриад та багийнхаа санхүүжилтийг 100 хувь гаргачих. Би мөнгө гуймааргүй байна. Ер нь ингэж жишиг тогтоомоор байна гэсэн. Тэгээд энэ санал дэмжигдсэн. Үүнийгээ бүх сургуулиудын захирал, багш нарт ярьсан. Одоо суурь зардлыг бүх сургуулиуд гаргадаг болсон. Энэ бол робокон манайд хөгжиж байгаагийн нэг илрэл. Сургуулиуд өөрсдөө хариуцлагаа хүлээж байна. Мөн салбар яам төсөвтөө суулгаад тодорхой хэмжээний мөнгө санхүүгээр дэмжиж байна. Одоо бидний тавьсан саналын дагуу бага багаар сайжраад явж байна. Ер нь бид нар оюутнуудыг хөгжүүлэхийн тулд санхүүгийн асуудалгүй байлгаж байж оюутнуудаас өндөр түвшний зүйл гаргана. Тэгэхгүй өнөөдөр санхүүдээ баригдсан оюутнаас бид юу хүлээх вэ. Өнөөдөр шинэ зүйл хийх биш юмыг яаж юмхнаар юм болгох вэ гэж бодох хоёрын хооронд асар том ялгаатай. Монголчуудын хэлдэг юмыг гарын доорх материалаар хийсэн, монголчилсон гэдгээ аягүй мундаг юм шиг ярьдаг. Энэ нэг талаасаа зөв. Аргын олоод хийсэн байгаа нь зөв. Аа гэхдээ бид нар хөгжих гэж байгаа бол цоо, шинэ, дэлхийд байхгүй зүйлийг хийх ёстой. Дэлхийн оргил өөд мацмаар байна.
-Ярилцсанд баярлалаа
Ө.Батбаяр: Робокон тэмцээн бол оюутан инженерүүдийн чадвараа харуулах цор ганц боломж | ||
Үзсэн: 274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.