Шууд Chart

Рэйнэр Матхар: Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг

2022-11-29 10:40:42

Би хоёр хүүтэйгээ Францад очиход манай хоёрт бухимдах юм цөөнгүй гарсан. Багаасаа хогоо ангилаад сурчихсан тэднийг Францын өөр байдал нь бухимдуулсан байх. Германд хаана ч хогоо ангилан ялгаж хаядаг” 

Тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын түвшний зөвлөх, ХБНГУ-ын Хэссэн мужийн “Дугуй ширээний зөвлөл”-ийн гишүүн Рэйнэр Матхартай тус улс Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ыг хүүхэд багачууд, иргэддээ хэрхэн олгодог туршлага, үр дүнгийн талаар тодруулж ярилцлаа.

Тэрбээр манай улсад хоёр удаа ирж ажиллахдаа ТХБ-ыг монголын сургалтын системд оруулах концепцийг боловсруулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх гол хүч нь ТББ-ууд болохыг онцолж, санал дэвшүүлж буй.        

-Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт явуулдаг ТББ-ын гурван ч төвөөр орж танилцлаа. Их энгийн аргаар мэдээлэл, мэдлэг олгож, дадал хэвшил болгоход анхаардаг юм байна гэж бодоглоо. Үр дүн нь хурдан гардаг болов уу?

-ХБНГУ тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр удаан ажилласны үр дүн нь энгийн юмнаас харагддаг. Нэг жишээ хэлье л дээ. Би хоёр хүүтэйгээ Францад очиход манай хоёрт бухимдах юм цөөнгүй гарсан. Багаасаа хогоо ангилаад сурчихсан тэдэнд Францын өөр байдал нь бухимдуулсан байх. Германд хаана ч хогоо ангилан ялгаж хаядаг. Манай улсад бүх хичээлийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсрол албан ёсоор орсон байдаг. Тиймээс тогтвортой хөгжлийн төлөөх үйлдлүүд хүмүүсийн амьдралынх маяг нь болсон гэж болно. Тухайлбал хогоо ангилж хаях, гэрэл цахилгаанаа хэмнэх, илүү үнэтэй байсан ч органик хүнсээ сонгох нь герман хүмүүсийн хувьд өдөр тутмын дадал хэвшил болсон зүйл.   

Германд бага сургуулийн хүүхдүүд дөрвөн жил суралцахдаа нэг буюу түүнээс дээш удаа ферм дээр очиж танилцсан байх ёстой. Сүү яаж боловсруулдаг, гурил, будаа, ногоог яаж тариалж ургуулдаг, тэдгээр хүнсээ ямар шат дамжлагаар тээвэрлэж хотын дэлгүүрт хүргэдэг зэрэгтэй танилцдаг.   

-Сургуульд тогтвортой хөгжлийн боловсрол олгох  хичээл тусдаа орох уу?

-Тусдаа, тусгай хичээл гэж байхгүй. Бүх хичээлийнхээ программд тогтвортой хөгжлийн боловсролын агуулга ордог. Ер нь Германы боловсролын систем нь хүүхдүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.  Хүүхдүүд

  • мэдээлэл цуглуулах, боловсруулах
  • Олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх
  • Дэлхийн өөрчлөлтийн шинжилгээ
  • Үзэл бодлын өөрчлөлт, өрөвдөх сэтгэл
  • Шүүмжлэлийн эргэцүүлэл, тайлбар
  • Хөгжлийн арга хэмжээний үнэлгээ
  • Эв нэгдэл, хамтын хариуцлага
  • Ойлголт ба зөрчилдөөнийг шийдвэрлэх
  • Дэлхий нийтийн өөрчлөлтөд оролцох чадвартай байх
  • Оролцох, хамтран бүтээх зэрэг 11 ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Ямар ур чадварыг аль хичээлээр түлхүү хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлдог.

-ХБНГУ тогтвортой хөгжлийн боловсролыг яг хэзээнээс эхэлж албан ёсоор олгож эхэлсэн бэ? 

-1980 онд энэ чиглэлээр анхны бодлогын барим бичгээ батлаж байсан. Германы 16 муж нь энэ үед байгаль орчны, тогтвортой хөгжлийн боловсролыг  боловсролын системд оруулна гэж гарын үсэг зурж байсан юм. Харин улс даяраа Тогтвортой хөгжлийн боловсролыг нэг ижил түвшинд, нэгдсэн нэг хөтөлбөрөөр сургуулиудад 2017 оноос нэвтрүүлж хэрэгжүүлж эхэлсэн.

-Эдгээр үйл ажиллагааг мужийн Боловсролын яам нь Тогтвортой хөгжлийн боловсролын хороотойгоо хамтран удирддаг гэж ойлгосон. Түр хороо өөрөө ямар үүрэгтэй бол?

-Би 2016 онд хүртэл Засгийн газрын Тогтвортой хөгжлийн бодлогын хорооны боловсролынх нь салбарын ахлахаар ажилласан. Манай мужид тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих 11 төв бий. (бид 3 төвтэй нь танилцсан) Түүний бодлогыг боловсруулж, ахалсан. Одоо түүнийг удирддаг Тогтвортой байдлын төлөөх Хэссэний холбоо ТББ-ыг ахалж ажиллаж байна. Сургуулиуд тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр юу хийх ёстойг Боловсролын яам, мөн тус холбоо тодорхойлдог.  Харин яаж хийх нь сургууль өөрийнх нь мэдлийнх. Дээрх 11 төв нь сургуулиуд ТХБ-ыг хэрхэн олгох тал дээр санаа өгч, зөвлөж, хамтран ажилладаг.

-Герман улсад төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ТББ-ууд гүүр болж чухал үүрэгтэй ажилладаг нь танилцах аяллын явцад ажиглагдлаа. Мөн төсвөөс санхүүждэг юм байна. Энэ талаар тодруулмаар байна.  

-Засгийн газраас ТББ-уудын төсвийг дааж санхүү болон хүний нөөцөөр дэмждэг. Төрөөс гаргасан бодлогыг хэрэгжүүлэх эрх, үүрэг нь сургууль, ТББ хоёрт бий. Хамтарч ажилладаг гэсэн үг. Тухайлбал хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтыг хөтөлбөртөө оруулсан сургууль нь фермерүүдтэй холбоотой ажиллана. Ингэж тогтвортой хөгжлийн боловсрол олгоход хамтран  ажилласан фермерүүдэд төсвөөс урамшуулал олгодог.  Дээрх ТББ-ууд нь орон нутгийн, улсын төсвөөс 100 хувь санхүүждэг. Ингэж л ТББ, сургууль, төр гурав холбоотой ажиллаж байна.

-Тогтвортой хөгжлийн боловсрол олгох багш нараа хэрхэн бэлтгэж байгаа нь мөн сонирхол татаж байна.  

-Хоёр үе шаттай бэлтгэдэг. Тухайлбал хими, физикийн багш байлаа гэж бодоход их сургуулийн бүх хичээлд нь тогтвортой хөгжлийн бодлого, санаануудыг нь давхар оруулдаг. Их сургуулиа төгссөний дараах хоёр жилд ажлаа хийнгээ тогтвортой хөгжлийн боловсролын сэдвээр багшлах, заах арга зүйн сургалтанд хамрагдана. Энэ нь энгийн. Цэцэг ногоо хэрхэн тарьж ургуулах, сургуульдаа ямар унаагаар явбал өөрт болоод орчиндоо, байгальд ээлтэй байх вэ гэдгийг заах аргад суралцана гэсэн үг. Багш нар өөр өөрийн хичээлтэйгээ тогтвортой хөгжлийн боловсролын сэдвийг хэрхэн холбож,  яаж заах талаар суралцдаг. 7 хоногт 12 цаг дадлага хийнэ. 

-ТХБ-ыг ингэж албан ёсны сургалтын хөтөлбөрт оруулсны үр дүн иргэдийн зөв дадал хэвшлээр харагдаж байна гэж та хэллээ. Нөгөө талд эдийн засаг талаас нь ямар үр дүн гарсан бэ? 

-Германд үүнийг бүтэн улсаар нь хэмжих хэмжүүрийг боловсруулах шатандаа явж байна. Одоо бол ямар үр дүн гаргаж байгааг 16 муж тус бүрээр хэмждэг.  Хэр олон эко сургуультай байгаа, тэдгээр нь шат ахиж байна уу, дээд шатанд хэдэн сургууль байна, хэрхэн шат ахив гэдгээр хэмжиж байна. Сургууль бүр тогтвортой хөгжлийн боловсролын өөр өөр чиглэлээр дагнадаг. Зарим нь хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн асуудал дээр төвлөрч байхад зарим нь өөр байх жишээтэй.

-Таны танилцуулгад Монгол улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд сургууль бүхлээр ажиллах арга хандлагаар сургалт зохион байгуулж байсан туршлагатай гэсэн байсан.

-Би Монголд 2017, 2018 онд хоёр удаа очиж ажилласан.  Анх очихдоо өөр өөр сургуулиудад  ажиллаж Монголын боловсролын системтэй танилцсан. Ингээд ТХБ-ыг монголын сургалтын системд оруулах концепцийг боловсруулсан. Мөн багшийн мэргэжил дээшлүүлэх институтын боловсон хүчнийг бэлтгэсэн. Хоёр дахь удаагаа очихдоо энэ концепцийг Монголд хэрэгжүүлэхдээ ТББ-уудыг оролцуулах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж, энэ нь ажил хэрэг болоод явж байна.      

-Танд баярлалаа. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Рэйнэр Матхар: Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй