Шууд Chart

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна

2026-03-26 11:21:48

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ.
 
Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээг онцлон авч үзэв.
 
НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмэлтээр хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Үүний тулд ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслээд, иргэд хаагуур, ямар замаар явж байна, тухайн замаар зорчиход ямар саад бэрхшээл тулгарч байгаатай биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахын тулд авто зам дээр ажиллана” гэлээ.
 
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо “Дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урттай явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна. Үүнд Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зам барих боломжтой гэж үзсэн” гэв.
 
Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолжээ.
 
Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байна гэв.
 
 
Эх сурвалж: НИТХ

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй