Шууд Chart

Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа

2026-03-26 12:25:46

Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Уг асуудлын талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг барилгын инженерийн цэргийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргасан. Тэр зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн.

Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулаад энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёдол тавиулсан. Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёо шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирсон.

Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагч оёогоо тавиулсан. Биеийн байдал хэвийн, ухаан санаа орж гараагүй байгаа.

Тухайн өдрийн 17:10 цаг гэхэд Баянхонгор нэгдсэн төв эмнэлэг дээр тэр цэрэг хүргэгдсэн. Тухайн өдрийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид 10 минутын хугацаанд цэргийг эмнэлэгт авч очсон. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Юугаар яаж зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэв.

С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье

Зэвсэгт хүчний хяналт, үнэлгээний газрын дарга, Бригадын генерал С.Баяр-Очир “Энэ хэрэг гарсантай холбоотойгоор Зэвсэгт хүчин Жанжин штабааас албаны шалгалтын бүрэлдэхүүн очиж ажилласан. Тухайн өдөр жижүүр манайд гарсан алба хаагчид үүргээ гүйцэтгэж байсан.

Хагас сайн, Бүтэн сайн бол амралтын өдрүүдэд цэргүүд үдээс хойш амарч байдаг. Энэ бол хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Энэ хүүхэд нэг нутгийнх гэж явдаг, хоёулаа Завхан аймгийнх. Хамгийн дотно хоёр найз үл ялих шалтгаанаас болж маргалдаад дүрмийн бус харилцаа үүссэн байна.

Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай одоо бол байхгүй. Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авна. 

Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Цэргийн ангийн байранд хурц үзүүртэй зүйл байхгүй. Одоо бол зориулалтын татуураг өгдөг” гэлээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй