Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12 цаг 50 минут болж байна. 10.00 цагаас хойш Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ.
Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэдэдээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.
Харамсалтай нь Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.
Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна.
Төр, Улсын Их Хурлын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна.
Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй.
Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдье.
| Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй | ||
| Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.