Шууд Chart

Галшар адууны хурдны генийн эх сурвалж

2023-01-23 10:00:23

                  Таамаглал.

Галшар адуу нь бэлчээрээр малладаг уугуул унага адуу бөгөөд уралдаанд өндөр амжилт үзүүлэх зорилгоор эрчимтэй сонгогдсон, уралдааны гүйцэтгэлд нөлөөлдөг булчингийн бүтэцтэй адуу.

Галшар адуунд орчин үеийн холын зайн уралдааны морины ялалтын гүйцэтгэлтэй холбоотой аллель агуулдаг болохыг илрүүлсэн.

Богино зайн уралдааны гүйцэтгэлийг сайжруулдаг аллель тахь болон галшар адуунд ажиглагдаагүй.

            Тодорхойлолт.

Өвгөн ноён Хардэл дэл жанжин бэйс Пүрэвжав хурдан адуунд нөлөөлдөг удамшлын хүчин зүйл байдаг гэдгийг эртнээс хүлээн зөвшөөрч, хурдны генийг эрэн сурвалжилж байжээ.

Монгол гүүнээс төрсөн тахийн эр унаганы удмаас гаралтай азарга худалдан авсан нь хурдан морины анхны шинэ генетикийн хувилбарыг оруулж ирсэн.

Нэгэнт цагт гэрийн адууны өвөг гэж үздэг байсан тахь нь Монгол адууны холын үеэл юм.

Митохондрийн ДНХ нь тэртээ хол нийтлэг өвөг дээдсээс салсан гэж үздэг.

Тахийн удамшлын тогтолцоонд хурдны адууны амжилтанд нөлөөлдөг 125 ген байдаг бөгөөд ясны нөхөн сэргээх /шинэчлэгдэх/ үйл явц маш өндөр байдгаас үе мөчний холбоо болон бэрэвхийн үений зөөлөн эдийн хөгжсөн маш өндөр хөгжсөн мөн зүрхний үйл ажиллагааны чадамж, хүч чадал агуу хүчтэй байдаг байна.

Энэ хөгжил нь тахь-д нийтлэг байгалийн чанар байдаг бол эдгээр шинжийг адуунд зөвхөн төрмөл хурдан морь өвлөж төрөх боломжтой буюу дөхөж очих шинж юм.

Уралдааны замд дасан зохицох чадвар нь зүрхний хүч чадлаар хэмжигддэг ба хурдан морь амжилт үзүүлэхэд маш их хамааралтай байдаг.

Адууны зүрхний хүрээ 31 хувь удамшдаг болохыг тогтоожээ.

Галшар адуунд эцгийн шугамаар тахийн генетикийн нэмэлт хувилбарыг хөгжүүлсэн нь уралдааны замд дасан зохицох чадвартай болгожээ.

Ясны нөхөн сэргээх /шинэчлэгдэх/ үйл явц нь хурдан морийг олон уралдаанд түрүү амжилт үзүүлэх, уралдах насыг уртасгахад нөлөөлдөг байна.

Түрүү амжилт үзүүлэх сэтгэл зүйтэй холбоотой олон ген тахь агуулдаг мөн ясны нөхөн сэргээх үйл явц, түрүү амжилт үзүүлэх сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг болох нь тодорхой болсон.

Тахь 66 хромосомтой, адуу 64 хромосомтой байдаг бол гэрийн адуутай үржилд ороход 65 хромосомтой байдаг.

Тахийн удамшлын нэмэлт генетикийн бүтэцтэй хурдны удам үүсгэн байгуулагч азарганууд онц хурдан байснаас Сэцэн ханы Артсэдийн Оготор хонгор, түүний үр төл Өвгөн ноён Пүрэвжавын Сайхан хонгор, Амаглан зайсангийн Мойног хонгор, Дагмид мээрэнгийн цоохор, Ван ноён Пүрэвжавын Хулан хонгор зэрэг азарга хурдны удмыг үүсгэгч юм.

Тэдгээр азарганы үр төлөөс олон хурдан үрээг тодруулан азарга тавьж байсан нь галшар адууг эрч хүчтэй генетикийн онцгой чадамжтай уралдааны адууны эр хүйсийн нандин гентэй адуу болгосон юм.

Тэнгэрийн одноос ч олон хурдан морь төрж байсан нь үүсгэн байгуулагч азарганы түрүү амжилт нь ирээдүйн үр төлийн түрүү амжилтад асар их нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг баталж байна.

Эцгийн нөлөө үеийн үед үр төлд нь дутхааргүй болгосон.

Эцгийн удамшлын өндөр шинж чанартай үржүүлэгт, эх гүүний үржүүлгийн нөлөө үр дүн багатай байх магадлалтай.

Адуун дотор тэмээ явж байгаа юм шиг харагддаг орос цэргийн даргаас худалдан авсан азарга хурдны гентэй, уралдааны физиологтой адуу байгаагүй болов уу. Тэр азарга зөвхөн гадаад генетик илэрхийлсэн.

Түүний үр удмын Зандан хүрэн азарга ноёны үржүүлсэн хурдан удмын гүүний хүчтэй нөлөөн дор хурд хүчийг өвлөсөн.

Хонгор зээрд сайхан гоёоороо гайхагдсан, хурдны олон шинжийг биедээ агуулсан азарга байсанд ар халхын шинжээчид өө өгөөгүй юм гэдэг. 

Галшарын хурдан азарганууд түүнд түрүүлэх боломж олгоогүй нь нутгийн азарганууд хурдны удмаар илүүрхэж мөн түүнд эцгийн нөлөө дутсан болов уу.

Ёр нь хурдан азарга гадаад шинж төрхийн дамжуулалт давж гарах эсвэл өө өгөхөөргүй төгс байх нь хурдлах чадвар дунджаас дээхэн үзүүлэлт илэрхийлдэг бөгөөд үр төлийн хурдлах чадвар дунджаас доогуур үзүүлэлтэд хүргэдэг байна.

Тиймээс Зандан хүрэн, Хонгор зээрд азарганы төл хурдан байсангүй.

Эцгийн удам угсааг хамгийн өрсөлдөх чадвартай амжилттай үеийнхэн үргэлжлүүлдэг.

Улсын баяр наадамд түрүүлсэн Дагмид мээрэнгийн цоохор хонгор азарганы олон төл нь хурдалж олон шугамаар хурдны удамшлыг түгээн дэлгэрүүлсэн байдаг.

Цоохор хонгор азарга үүлдэрлэг сонгодог хэв шинжийн бүтцийг олж авсан нь дээд удмынхаа хурдны удамшлын нөлөөг хүчтэй дамжуулж байсан.

Түүний үр төлөөс Хулан хонгор, Шил зээрд, Цэгмидийн саарал азарга, Бөгөн хул, Батбуянгийн хонгор халзан азарганы төлүүд удмаараа хурдалсан нь хурдан азарганы хурдлах түвшин хойч үеийнхний хурдлах чадварыг тодорхойлдог гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Шил зээрд 1935, 1936 онд улсын наадамд шүдлэн хязааландаа түрүүлж байсан бол түүний төлийн төлийн төл Бороохой Готовын саарал, Дугарсанжаагийн саарал үрээ шүдлэн хязааландаа улсын наадамд түрүүлж байв. 

Хоёр, гурван насандаа түрүү амжилт гаргах нь удамшлын нөлөөн дор хийгддэг бөгөөд цаашдаа үр төлдөө хурдыг давуулан гаталгаж бас дахин давуулан гаталгаж удамшуулдаг байна. 

Нэрт уяач Ангасай Банзрагч "Сүүл хожуу үеийн хурдан азарганы удмыг хөөхөөр Оготор хонгор, Мойног хонгор азаргануудад очдог" гэж хэлсэн нь хурдны генийх эх сурвалжийг тодорхойлж байна.

Өвгөн ноён зэргэлдээ хошуудтай гүүний солилцоо хийж байсан нь гүүний үржүүлгийн дэд бүтцийн хөгжлийн үндсийг тавьсан байна.

Тэдгээр гүү цагийн уртад Галшар адууны эцгийн удамтай холбогдон үржүүлгийн хандлагийг эргүүлэн хурдны нөхөн олговор хийх суурь бааз болсон.

Энэ үржүүлэг одоо цагийн хурдан адуу үржүүлэгчдийн агуу том хурдны цөм болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Галшар адууны хурдны генийн эх сурвалж  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй