Шууд Chart

Хохирогч хүүхдийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хэрхэн ярилцах аргачлалыг суралцаж байна

2023-02-07 10:05:11

Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон цагдаагийн алба хаагч, хохирогчид үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл “Форензик ярилцлага хийх чадвар эзэмшүүлэх” (Forensic Interview) сургалтад 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна.

Сургалтыг Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд 2020 оны 4 дүгээр сард байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслөөс Хүн худалдаалах, Бэлгийн мөлжлөг, Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцийн гэмтэл (trauma)-ийг бууруулах, дахин сэдрээхгүй байх чиглэлээр мөрдөгч, прокуроруудыг мэргэшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Форензик ярилцлага нь тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтэн хохирогч хүүхдийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцах аргачлал бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, хохирогч хүүхдэд туслалцаа үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг шилдэг туршлага ажээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвийн мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулж байна.

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа ба Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж, үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам удирдлагаар ханган ажиллаж байна.

Эх сурвалж: УЕПГ


Хохирогч хүүхдийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хэрхэн ярилцах аргачлалыг суралцаж байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Яам [127.0.0.xxx] 2023-03-18 15:02
ХНХЯ авлигчдаар дүүрэн газар

Бидэнтэй нэгдээрэй