
Тухайлбал хэлэлцэх асуудлын эхэнд Батлан хамгаалахын 2023 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг баталсан юм. Өнгөрсөн 2022 онд Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа шат ахисан жил байсныг зөвлөлийн гишүүд онцлоод, энэ жил хийхээр төлөвлөсөн олон улсын зөвлөлдөх уулзалт, гадаад улс оронд суралцагчдын асуудал, харилцан айлчлалууд, сургалт дадлага зэрэгт өндөр ач холбогдол өгч ажиллахыг санууллаа.
Дараагийн хэлэлцсэн асуудал бол Батлан хамгаалахын шагнал олгох журмыг шинэчлэх тухай асуудал байв. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуралдааны үеэр хэлэхдээ, “Шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог байдлыг халж, цэгцлэх болсон. Төрийн мөнгийг төмрөнд үрдэг байдлыг болиулж, журамлахаас гадна анги байгууллагууд түүхэн ойгоор медаль үйлдвэрлэж, тараадаг байдлыг зогсоох нь зүйтэй” хэмээн онцолсон юм. Ийнхүү уг журмын төслийг дахин сайн нягталж боловсруулахыг үүрэг болголоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин “Үйлдвэрлэгч” хүчин болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтын нэг хэсэг болох хийн утаат хэрэгслийг үйлдвэрлэх тухай асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжин баталсан юм. Улмаар хийн утаат хэрэгслийг үйлдвэрлэх төслийн багийг нарийн судалгаа хийж, Шинжлэх Ухаан технологийн зөвлөлийн хурлаар төслөө оруулж, эрдэмтдийн санал дүгнэлтийг сонсож, үйл ажиллагаандаа тусгах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XI ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлтийн тайлан мэдээг сонссоноос гадна Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
Мөн Зэвсэгт хүчний туслах аж ахуйн үйл ажиллагааны өнөөдрийн нөхцөл байдлын талаар ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба мэдээлэл өгсөн. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарын туслах аж ахуйг бодлогоор дэмжиж, энэ төрлийн үйл ажиллагааг хөгжүүлсэн хамт олныг дэмжиж, урамшуулж хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан болов | ||
Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.