Шууд Chart

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны ”Ногоочин Сувдаа“-гийн дүр залуу насыг минь мөнхөлсөн

2023-05-31 13:41:50

. . . Хайрлаж дурласан бүсгүй минь

Халх нутгийн охин сон

Харласан бүтэлгүй толгой би

Хаана явааг нь мэдсэнгүй. . . гэсэн аялгуут сайхан дуутай “Хөхөө гэрлэх дөхлөө кино “Монгол кино“ үйлдвэрт бүтээгдсэнээс хойш 60 гаран жилийн нүүрийг үзсэн ч үзэгч олныхоо сэтгэлд үнэ цэнэтэй хэвээр.  

 1960 оноос  Монгол Улсад Атар газрыг эзэмших, газар тариалангийн шинэ шинэ сангийн аж ахуй байгуулах, төр засгийн бодлогыг түмний сэтгэл зүрхэнд хүргэх зорилгоор, залуучуудыг Атар газар руу уриалан дуудах, залуучуудын хөдөлгөөнийг өрнүүлсэн кино бүтээсэн нь  “Хөхөө гэрлэх дөхлөө“ Монголын урансайхны кино юм. Тэр кинонд “Ногоочин Сувдаа“-гийн дүрийг бүтээсэн Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн анхны ажилтнуудын нэг, Дууны оператор Мажигийн Цэнджав “Дурсамж дүүрэн он жилүүд“ цувралын маань зочин байлаа.

Нуруу туруу тэгшхэн, торомгор алаг нүдтэй царайлаг бүсгүй Сувдаа Гэндэнд сэтгэл алдарч байсан ч, будилуухан шуудан хүргэгчийн харгайгаар хайрын захианууд нь солигдсоноор киноны үйл явдал өрнөдөг. Хөгтэй, хөгжилтэй, сургамжтай үйл явдлаар дүүрэн энэ кино найруулагч Б.Жамсрангийн олон сайхан бүтээлийн оргил юм. Тэр үеийн залуусын сэтгэл зүрхийг “байлдан дагуулсан” "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны дараа Монгол Улсад олон олон сангийн аж ахуй босч, залуучууд  Атар газар эзэмшихээр тал нутаг руу тэмүүлсэн нь энэ  киноны уран бүтээлчдийн том гавьяа байсан юм.

 “Хөхөө гэрлэх дөхлөө“ киноны  жүжигчин шалгаруулж авахдаа үс, шүд тоолох шахам өндөр шалгуураар оруулж, олон олон залуусыг киноны найруулагч, Соёлын яамны мэргэжилтнүүд, мэргэжлийн хүмүүс шүүж тунгаасны эцэст  жүжигчин Дашдаваа, Дамдинбазар, Бүтэд , Цэнджав нарыг гол дүрүүдэд шигшиж үлдээсэн гэдэг. Тэр үед Цэнджав гуай хорин дөрвөн настай, гурав дахь хүүхдээ төрүүлсэн, Драмын театрын жүжигчин байлаа. Уйгаржин монгол бичиг үсэгтэй, “Опель“ дугуйгаар гангардаг, Шар дэлгүүрт насаараа ажилласан хүрээний ганган бүсгүйчүүдийн нэг  Цэнджавын ээж Дуламсүрэн ганц охиныхоо залуу насыг Монголын кино урлагт  мөнхрөн үлдэхэд хоёрхон сартай охиныг нь, хоёр жаалтай нь авч үлдэж, ар гэрийг дааж үлдсэн ачтан юм билээ. Сайн найруулагч, авьяаслаг жүжигчдийн ачаар “Хөхөө гэрлэх дөхлөө“ киноны гол дүрүүдийн нэгийг бүтээж, үзэгч олныхоо сэтгэлд үлдсэн, би азтай хүн“ гэж Цэнджав гуай ярьсан. Харин Цэнджавын нөхөр ХБДС-ийн төгссөн, анхны таван хийлчийн нэг, Улсын филормонийн гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач Намсрайжавын туслах, Шаравын Цэрэннадмид гэж авьяаслаг нэгэн байж. Түүний зохиосон олон сайхан аялгуу одоо ч сонсогч олны сонорыг мялааж, эгшиглэсээр байх.

84 насыг зооглож яваа Цэнджав гуай 10 гаруй хүүхэд төрүүлж, өсгөсөн ачтай буурал. Одоо тэрээр үр хүүхэд, ач зээ нарынхаа түшиг нөмөр, хайр энхрийлэлд жаргаж сууна билээ. Асгарсан залуу нас, авьяас билэг, ахиад давтагдахгүй алтан дурсамжаа ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдээнэ гэдэг хэн бүхэнд заяах азтай тохиолдол биш юм. Дурсамж дүүрэн залуу нас гэдэг гайхамшиг. Цэнджав Ардын жүжигчин Л. Жамсранжав “Миний аз жаргал, миний уйтгар гуниг“ номондоо “Миний анхны партнёр эмэгтэй бол Мажигийн Цэнджав“ гэж дурсан бичсэн байдаг бол тэрээр “Хөхөө гэрлэх дөхлөө“ кинонд нэрт жүжигчин Дамдинбазараас суралцаж, Дашдаваа, Бүтэд зэрэг залуу жүжигчидтэй хамтран тоглосондоо баярлаж явдаг гэж ярилаа.  

1967 онд Гандангийн дэнж дээр босож буй Телевизийн гэрэлт цамхаг  залуучууд, авьяас билэгтнүүдийн сэтгэл зүрх соронзон мэт татагдаж байлаа. Тэр үеийн сор болсон залуучууд хошуурч, содон сайхан үйл явдлууд өрнөсөн телевизийн шинэ урлаг руу  тухайн үеийн Соёлын яамны сайд Л. Ванганы тушаалаар жүжигчин Цэнджавыг Монголын телевизэд  томилсон түүхтэй. Шинэ тутам байгуулагдсан байгууллагын Дуу хөгжмийн санг арвижуулах, тухайн үеийн телевизийн  оргил бүтээлүүд “Бүсгүйчүүд“, “Одонгоо зүүцгээ“, “Агшин“ болон ХАА, залуучууд, цэнгээнт, хүүхдийн нэвтрүүлгүүдэд тэрээр  дууны оператороор ажиллаж, Д.Хишигт, Туваанжав, Содном С. Бадрах нарын найруулагчийн удирдлага дор, Дууны найруулагч Буриад, дууны оператор Р.Цэрэнлхам нартай мөр зэрэгцэн телевизийн цаг наргүй ажилд зүтгэсэн нэгэн юм. Монголын уран сайхны “Хөхөө гэрлэх дөхлөө“ киноны гол дүрийг бүтээж, “Улаанбаатарт байгаа миний аавд“ кинонд гол дүр  Долгорын дууг  оруулсан, Монголын уутан телевизийн ачааг үүрэлцсэн  анхны ажилтнуудын нэг Цэнджавт “Соёлын тэргүүний ажилтан“ цол тэмдэг нь ”төөрч будилж“ явсаар саяхан Хороо хорин нь түүний энгэрт зүүж өгсөн байна лээ. Монголын соёл урлагийн төлөө насаараа зүтгэсэн энэ бууралд  энэ цол тэмдэг мөн ч “Өндөр шалгуур“–аар  олдсон байгаа биз. Гавьяаныхаа амралтанд гарахын өмнөхөн Цэнджав Монголын телевизийн дууны фондын бүхий л  хөгжмийг  цэгцэлж, эрэмбэлж , шигшиж, шилж  хойч үедээ бүхнийг бүрэн бүтэн үлдээсэн гавьяатай, мартах ёсгүй хүмүүсийн нэг яах аргагүй л мөн юм билээ.

 

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны ”Ногоочин Сувдаа“-гийн дүр залуу насыг минь мөнхөлсөн  
Үзсэн: 16929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 19:17
сайхан танигдахаар байа.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-02 12:55
Муу
Нарангэрэл [127.0.0.xxx] 2023-06-02 10:05
би хүүхэд бхад дахин дахин үзээд ханахгүй . энэ дүрэнд уурлаад хүний зхаиа аваад хайшаа юм гэж загнаж үздэг бсан гоё дүр дээ одоо Гавьяатын өгөх болоогүй юм уу?Өгөөчээ аль хэзээний авар дүр үлдээсэн жүжиг чинь шүү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-02 14:03
Цэнджавт гавъяат өгвөл үнэнч бурхад нь баярлана. Бозлоо хангсан байна.
Заяа [127.0.0.xxx] 2023-06-01 15:34
Сайхан буурайд эрүүл энхийг хүсье. /Уутан телевиз... Алдаагүй биччихэж болдоггүй юм байхдаа/
Зочин [127.0.0.xxx] 2023-06-01 18:32
Хөхөө гэрлэх дөхлөө найруулагч нь Жамсран
Зочин [127.0.0.xxx] 2023-06-01 09:28
Өдрийн наслах байгаа тандаа эрүүл энхийг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-06-01 08:04
Өндөр насантад өгөх шагналыг нь өгөөч ээ.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-02 11:48
Ногоочин Сувдаа гуайдаа урт нас, удаан жаргалын ерөал өргөеөө!
Эгэл даруу [127.0.0.xxx] 2023-05-31 15:08
Мөн ч сайхан жүжигчин.гайхамшигтай даруухан амьдарчээ.Ард түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдэж үеийн үед хайрлагдахаас илүү жаргал гэж үгүй.маш их азтай хүн байна .урт насалж удаан жаргаарай.

Бидэнтэй нэгдээрэй