Шууд Chart

Евгений Пригожиныг оршуулах ёслол хаалттай болж өндөрлөв

2023-08-30 11:46:11

"Вагнер" бүлгийн толгойлогч Евгений Пригожиныг оршуулах ёслол ОХУ-ын Санкт Петербург хотноо гэр бүлийн хүрээнд болж өндөрлөлөө гэдгийг төлөөлөгч нь мэдээлсэн байна.

Евгений Пригожины сууж явсан нисэх онгоц наймдугаар сарын 23-ны өдөр Москвагийн орчимд осолдсон гэдгийг дотоодын болон олон улсын хэвлэлээр мэдээлсэн юм.

ОХУ-ын зүгээс Евгений Пригожиныг нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр нотолсон байна. "Вагнер" бүлгийн Хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт оршуулгын явцын талаар телеграмаар товчхон мэдээлэл өгсөн байна.

Түүнтэй салах ёс хийхийг хүссэн хүмүүс оршуулах ёслол өнгөрсний дараа газар дээр нь очиж болно гэж мэдээлжээ.

Зөвхөн гэр бүлийн хүрээнд болсон оршуулах ёслолын үеэр цэргийн хүндэтгэл үзүүлэх ёслол болоогүй гэдгийг мэдээлсэн байна. Мягмар гараг хүртэл түүнийг хаана оршуулах талаар "Вагнер" бүлгээс мэдээлээгүй учир ажиглагчид зөвхөн таамаг дэвшүүлж байсан байна.

Санкт Петербург хотноо болсон оршуулах ёслолын үеэр цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалж байсан тухай хэвлэл мэдээллийнхэн дурдсан байна.

Ёслол орон нутгийн цагаар мягмар гарагийн 16 цагт эхэлжээ. Пригожиныг эцгийнх нь хажууд оршуулсан гэдгийг Оросын "MSK1" сайт мэдээлсэн юм.

Онгоцонд хамт осолдсон хүмүүсийн нэг болох Пригожины орлогч Валерий Чекаловын оршуулах ёслол мөн Санкт Петербург хотноо Пригожиныхоос тусдаа болж өндөрлөсөн байна.

Тэрбээр "Вагнер" группын зэвсэглэлээс бусад санхүүтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлдэг байсан гэж ажиглагчид үздэг юм.

Пригожины оршуулах ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэдгийг мягмар гарагийн үдээс өмнө Кремлийн зүгээс мэдэгдсэн. Тэрбээр энэ өдөр Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай уулзалттай байсан гэж мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Евгений Пригожиныг оршуулах ёслол хаалттай болж өндөрлөв   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй