Шууд Chart

Европын холбоо энэ жил болон ирэх оны эдийн засгийн төлөвөө бууруулжээ

2023-09-12 12:35:14

Даваа гарагт Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Комиссоос эдийн засгийн төлөвөө бууруулж байгааг мэдэгдсэн байна. Европын Холбооны евро валютыг ашигладаг 20 улс энэ онд эдийн засгийн өсөлтөө 0,8 хувь байна гэж тооцоолж байгаа юм. Энэ нь оны эхэнд 1,1 хувь байна гэж тооцоолж байснаасаа буурсан үзүүлэлт юм. Ирэх оны эдийн засгийн өсөлтийг мөн энэ оны эхээр тооцоолохдоо 1,6 хувь гэж тооцоолж байсан ч энэ долоо хоногийн байдлаар 1,3 хувь болж буурчээ. Түүнээс гадна ЕХ-ы энэ оны эдийн засгийн эхний хоёр улирлын өсөлт 0,1 хувьтай байсан нь эдийн засгийн төлөв буурахад мөн нөлөөлж байна. ЕХ-ын эдийн засаг удаашрахад хамгийн их нөлөөлж байгаа улс нь Герман улс юм. Эрчим хүчний үнэ өндөр байгаагаас Германы гол экспортыг бүрдүүлдэг аж үйлдвэрийн салбарын бүтээмж харьцангуй бага байна. Мөн Герман улсын хамгийн том экспортлогч орон болох Хятад улсын импортын эрэлт бага байгаа нь ч бас нөлөөлж байна гэдгийг шинжээчид хэлж байна. Зөвхөн Германы энэ оны эдийн засгийн өсөлт л гэхэд 0,4 хувь руу буурчээ. Олон улсын Мөнгөний сангийн дүн шинжилгээгээр Герман улс хөгжингүй орнууд дундаа энэ онд эдийн засаг нь агших цор ганц улс гэж дүгнэсэн байна. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн Европын төв банкнаас инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх үү, үгүй юу гэдэг чухал шийдвэрийг энэ долоо хоногт гаргана гэж мэдэгджээ. Бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөвөл үл хөдлөх хөрөнгийн гэх мэт зарим зах зээл царцах хэдий ч инфляцыг бууруулж чадвал хэрэглэгчдийн эрэлт, зарцуулалт нэмэгдэж, эдийн засаг аажимдаа өснө гэж төсөөлж байгаа юм байна. Өнгөрсөн оны 10-р сард 10,6 хувьтай байсан инфляц энэ оны 7-р сарын байдлаар 5,3 хувь болж буурсан нь найдлага тасрах болоогүй гэдгийг харуулж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо энэ жил болон ирэх оны эдийн засгийн төлөвөө бууруулжээ  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй