Шууд Chart

АНУ-ын армийн түрүүч асан БНХАУ-д үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завджээ

2023-10-08 16:44:40

АНУ-ын хууль хяналтынхан армийн түрүүч асныг Хятад улсад үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завдсан хэргээр өчигдөр баривчлан саатуулсан байна. Америкийн хууль зүйн яамны мэдээлснээр 29 настай Жозеф Даниэл Шмит 2015-2020оны хооронд тагнуулын батлионд алба хааж, маш нууц мэдээлэлд нэвтэрч байсан юм байна.

Жозеф Даниэл Шмит Хятад улсад тэр дундаа Хонгконгод багагүй хугацаанд амьдарч байгаад өчигдөр АНУ-д эргэн ирсэн юм байна. Түүний Сан Францискод газардах үед нь баривчилжээ. Америкийн хууль зүйн яам түрүүч армиас халагдсаны дараа Турк дэх Хятадын консулын газар, дараа нь Хятадын аюулгүйн албатай цахим шуудангаар холбогдож, Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл өгөх санал тавьсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн тухайн цэрэг армийн компьютерын хамгаалалттай сүлжээнд нэвтрэх боломжтой төхөөрөмж хадгалж байсан. Тэрхүү төхөөрөмжийг Хятадын талаас сүлжээнд нэвтрэхэд нь туслах зорилгоор түүнд санал болгосон гэж Америкийн хууль хяналтынхан үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг оролдоод зогсохгүй, гадны улсад батлан хамгаалах яамны хамгаалалтай сүлжээнд нэвтрэхэд нь туслах мэдээлэл өгөх зорилготой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 20 хүртэлх жилийн ял оноох юм байна.

Үүнээс өмнө өнгөрсөн 8-р сард Америкийн тэнгисийн цэргийн хоёр алба хаагч Хятад улсад мөн л нууц мэдээлэл задруулсан хэргээр баривчлагдсаныг хууль зүйн яам нь мэдээлж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын армийн түрүүч асан БНХАУ-д үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завджээ  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй