Шууд Chart

“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

2023-12-05 09:56:26

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нд “Инновэйшн Инвестмент” ХХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инновэйшн Инвестмент" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Д.Даваа, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:

“Сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2023 он Монголын хөрөнгийн зах зээлд өсөлт, амжилтаар дүүрэн өрнүүн жил боллоо. “Монголын хөрөнгийн бирж” ХК үнэт цаасны арилжаа төдийгүй, уул уурхайн таваарын арилжааг явуулдаг болж системээ өргөжүүллээ. Энэхүү өсөлтийн он жилд Монголын хөрөнгийн бирж дээр “Инновэйшн Инвестмент” ХХК хамт олон нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаж буйд баяртай байна.

“Инновэйшн Инвестмент” ХХК нь Монголын  зах зээлд арилжааны банкууд болон, цахим мөнгөний зөвшөөрөл бүхий ББСБ-уудын үйл ажиллагааг хялбаршуулах бэлэн бус төлбөр тооцоо, финтек чиглэлийн үйлчилгээний эдийн засгийн эргэлтийг зах зээлд нөлөөлөхүйцээр хөгжүүлэн ажиллаж ирсэн технологи суурьтай инновацлаг компани. 2022 оны байдлаар МУ-ын нийт бэлэн бус гүйлгээний тоо сүүлийн 5 жилийн статистик жилд дунджаас 37%-иар өссөн байхад, QPay үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо 213%-иар өссөн үзүүлэлтээс тус компанийн үйл ажиллагааны амжилт, өсөлтийг харж болохоор байна.

Ийнхүү өнөөдөр хөрөнгийн зах зээлд бүл нэмж буй танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн хамтын ажиллагаагаар энэхүү IPO-д үнэ цэнэ бүтээн оролцож буй андеррайтерын компаниуд, аудит, үнэлгээний компаниудын хамт олны ажил үйлсэд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ:

“Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, дотоодын ААН-үүд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 3 жилд 3 дахин өссөн" гээд “Инновэйшн Инвестмент” ХХК технологийн дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ санхүүгийн байгууллагуудад нийлүүлж, хэрэглэгчдэд үйлчилгээг ойртуулах, хялбаршуулах боломжийг нэвтрүүлж, 2020 он QPay үйлчилгээгээ нэвтрүүлснээс хойш арилжааны 12 банк, 200 мянга гаруй бизнес, үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж 3.2 сая орчим хэрэглэгчтэй болсон нь богино хугацаанд олон нийтэд танигдан, МУ-ын бэлэн бус төлбөр тооцооны системд өөрийн байр суурийг эзэлж чадсан” хэмээн онцлоод хөрөнгө оруулагчаа дээдэлсэн сайн засаглалтай "Монголын Хөрөнгийн бирж" ХК-д бүтгэл бүхий ТОП компаниудын нэг болж өсч хөгжихийг ерөөлөө.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:

“Орчин үед олон улсын төв банкуудын төлөөллийн уулзалтуудад технологийн дэвшил, өөрчлөлт, финтек сервис, технологийн шинэ шийдлийн нөлөөллийн тухай ярьж байна. Улс орнууд хэдхэн жилийн өмнө зайнаас төлбөр тооцоог хэрхэн хийх вэ гэдгийг судалдаг байсан бол өнгөрсөн жилээс манай арилжааны банкууд төлбөрийн системд оролцогч байгууллагууд зайнаас төлбөр тооцоо хийх картыг нэвтрүүлсэн, мөн төлбөр тооцоог нууцлалтайгаар явуулдаг болсон гэх зэрэг олон дэвшил банкны салбарт гарч ирсэн. Яг энэ сервисийн дараа “Инновэйшн Инвестмент” ХХК нь QR кодоор дамжуулан төлбөр тооцоо хийх технологийг Монголд нэвтрүүлсэн нь банк, санхүүгийн байгууллагуудын зардлыг хэмнэж, хүртээмжийг нэмэгдүүлсэн үйл явц болсон. Төв банк финтек үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хөрөнгийн зах зээл дээр гарахад хойшид ч дэмжин ажиллах болно” хэмээн хэллээ.

“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх “Инновэйшн Инвестмент ХХК-ийн нээлттэй компани болох цан цохин ёслолд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Аливаа компани хөрөнгийн биржид гарч IPO гарган, нээлттэй хувьцаат компани болох нь түүхэн үйл явдал юм. Энэхүү үйл явцад хамтран оролцсон үе үеийн удирдлагын баг, хөрөнгө оруулагчид, харилцагч банк, санхүүгийн байгууллагууд, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье”  гэв. Түүнчлэн “Бид Монголын хөрөнгийн бирж дээр технологийн компаниудаас анхны IPO хийж байгаадаа баяртай байна. Энэ нь ирээдүйд Монголоос дэлхийд гарах технологийн компаниудын суурийг тавьж байгаа гэдэгтээ итгэл төгс байна” гээд анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй