Шууд Chart

Дөч дөхсөн тэргүүн тоглогч

2024-01-19 09:56:11

Энэ жилийн “Дээд лиг”-т эмэгтэйчүүдийн найман багаас нийт 115 тоглогч оролцжээ. Тэдгээрийн 112 нь Г.Цэцэгжаргалаас дүү. Ийм боловч тэр одоогоор лигийн тэргүүн тоглогч буюу үнэ цэнтэй тоглогчийн шагналыг авах магадлал хамгийн өндөр байна. 

 

Өөрөөр хэлбэл лигт түүнээс насаар эгч хоёр л тоглогч бий. Харин тогтмол гараанд гарч тоглож байгаа тамирчдаас бол насаар хамгийн эгч нь ОУХМ Г.Цэцэгжаргал. 2002 онд буюу Г.Цэцэгжаргал “Дээд лиг”-т анх удаа аварга болсон жил одоо түүний эсрэг лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа “Хилчин” багийн монгол тоглогчдын дундаж нас ердөө 0.14 байв. Өөрөөр хэлбэл “Хилчин”-гийн гурван тоглогч нь л төрсөн байжээ. 

 

Мөн түүнийг лигт анх оролцдог жил нь “Хилчин” багийн ахлагч А.Уянга, шигшээ багийн тоглогч С.Тэмүүлэн нарын 5 тоглогч нь хорвоод мэндэлсэн байна. 2006 онд буюу лигт анх удаа шилдэг довтлогч болдог жил нь “Хилчин” багийн шилдэг залуу тоглогч Б.Халиунзаяа эхээс төрж байсан аж. Магадгүй Г.Цэцэгжаргалыг анх волейболын спорттой танилцаж байх үед энэ жилийн лигийн эмэгтэй тоглогчдоос хоёр нь л төрөөд байсан байх. Спортод тамирчдын нас маш залуужсан өнөө үед ийм тоглогч өдгөө лигийн тэмцээний шилдгээр тодрох магадлал хамгийн өндөр гэхээр та гайхаж байна уу?

 

Ганболдын Цэцэгжаргал 2002 онд анх “Эрчим” багийн хамтаар лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2011 он хүртэл буюу лиг завсардах хүртэл тоглосон бүх жилээ завсаргүй 10 жил аваргын төлөө өрсөлдсөн гайхалтай амжилттай. Энэ хугацаанд 8 удаа аварга болж, 2 удаа мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2011 онд түрүүлж, 2004, 2010 онд мөнгөн медалийн эзэн болж байв. Ийм босоо амжилттай юу ярих билээ. Нэмэлт тайлбар ч шаардлагагүй. Тэрээр лигт 2002-08 онд “ДЦС-4 Эрчим” багт, 2009-11 онд “Энагурэ” багт тоглосон юм.

 

АРВАН НЭГЭН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮРҮҮЛЭВ

 

Найман жилийн дараа буюу 2019 оноос “Дээд лиг” эргэн сэргэсний дараа Г.Цэцэгжаргал “Дархан Сет” (2019), “Алтайн Барс” (2021) багуудад тоглож 2 удаа хүрэл медалийн төлөөх цувралд хожигдож байлаа. Энэ нь волейболын шинэ залуу үе үнэхээр хүч түрэн гарч ирж байсан үе байв. Түр хугацаанд спортоосоо завсардаад байсан түүнд энэ өрсөлдөөн амаргүй байсан нь дамжиггүй. Мөн лигт оролцсон л бол аваргын төлөө тоглосоор ирсэн уг хүнд тухайн ялагдлууд сэтгэл зүйн хувьд ч тун хүнд туссан биз. Өөрийн бахдам амжилтын түүхээ хойш татаж, ийм байдалд хүрсэн үедээ тамирчид ихэнхдээ харамсаж гутарч, зодог тайлах тухай л боддог. Гэвч Жаргал мастер харамссан ч үгүй, зодог тайлсан ч үгүй. Харин ч илүү хүчтэйгээр дахин нэг дайралтыг эхлүүлсэн юм.

 

2022 онд түүний анхдагч клуб “Эрчим” эмэгтэйчүүдийн багаа дахин бүрдүүлж эхэлснээр энэ аялал эхэллээ. Тэд “Хөвсгөл Эрчим” нэрээр лигт оролцов. Багийн суурийг өмнөх хоёр лигт дараалан мөнгөн медаль хүртээд байсан “Хобби Эйс” багийн гарааны тоглогчдоор бүрдүүлээд байлаа. Гэхдээ клуб эргэн сэргэж байгаа учраас багийн залгамж халаа болсон, өмнөх үеийн түүх уламжлалыг сайн мэдэх тоглогч бүрэлдэхүүндээ авах нь чухал. Тэгвэл “Эрчим” клубийн эмэгтэйчүүдийн багаас лигт үлдсэн сүүлийн шилдэг тоглогч нь Г.Цэцэгжаргал болоод байв. “Эрчим” бол Монголын волейболын 100 орчим жилийн түүхнээ жин даахуйц чухал оролцоо үзүүлсэн байгууллага “ДЦС-4” ТӨХК-ийн дэргэдэх клуб гэдгийг дурдах нь зүй. 

 

Багийн спортод тамирчдын ойлголцол, түүнийг сайжруулах бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн дасгалууд гээд нэгдэл талаасаа анхаарах шаардлагатай олон зүйл бий. Үүнээс хамгийн чухал зүйлсийн нэг нь багийн уур амьсгал юм. Харин уур амьсгал харилцааг тогтвортой барихад багийн түүх уламжлал, философи, хэмжээ хязгаарыг мэдэж үүнийг цааш залгамжлуулах тоглогч гол үүрэгтэй. “Эрчим”-ийн хувьд энэ чухал орон зайг Г.Цэцэгжаргалаар бүрэн дүүрэн нөхөж чадсан гэж боддог. Улмаар 2022 онд дахин нэг удаа аварга болсноор 9 дэх алтан медалиа хүртсэн билээ.

 

ЯСНЫ ТАМИРЧИН

 

Талбай дээрх тоглолтын хувьд Жаргал мастер дасгалжуулагч Б.Даринчулууны удирдлагад сүүлийн хоёр жил дахин төрсөн мэт тоглолтыг үзүүлж, "Г.Цэцэгжаргал гэж яг хэн бэ" гэдгийг мэдрүүлж байгаа. Энэ тоглогчийн шавхагдашгүй нөөц боломжийг дасгалжуулагч үнэхээр нээн гаргаж чадсан юм. Түүнчлэн чадварлаг холбогч Л.Хосбаяр туршлагатай довтлогчоо маш сайн ашиглаж, багийн амжилтын гол <<түлхүүр>> тоглогчдын нэг болгосон. Зарим үед бол ид залуу насандаа яваа тамирчинтай тоглож байгаа мэт л хэд хэд дараалаад довтлуулчихна. Жаргал мастер ч энэ ачааллыг сайн даадаг. Үүний ард урт хугацааны болоод нарийн төлөвлөгөөтэй шаргуу бэлтгэл, хичээл зүтгэл байж л сая энэ түвшинд тоглож байгаа. "Авьяасаар арван жил, хөдөлмөрөөр хорин жил тоглоно" гэдэг дээ. 

 

Хэрэв лиг эргэн сэргээгүй мөн өнөө түвшинд таниулан сурталчлаагүй байсан бол өмнөх лигийн үеийн тамирчид эргэн талбайдаа гарах байсан гэж хэлж чадахгүй. Мөн одоогийн залуусын түвшин, ур чадвар ч ийм хэмжээнд байхгүй л байх байсан. 2019 он бол бүхэлдээ том шинэчлэлийн эхлэл болсон юм.

 

Өдгөө түүний насан дээр лигийн энэ олон тоглолтын ачааллыг дааж гараад, шигшээ цувралд ийм өндөр хэмнэлтэй багийн гол оноо авагчдын нэг болоод тоглож байна гэдэг угтаа бол боломжгүйтэй адил баймаар. Аваргын цувралд ингээд тоглож байх нь бүү хэл багт тэнцээд лигт орох, орлоо гэхэд гараанд гарах, гарлаа гэхэд лигийн шахуу хуваарьтай тоглолтын ачааллыг даах, даалаа гэхэд амжилт, үзүүлэлт нь ийм өндөр байна гэдэг үнэхээр бэрх. Дахин давтахад маш хэцүү ийм л амжилтуудыг тэр бичсээр байгаа юм. <<Ясны тамирчин>> гэх тодотгол одоогоор нийтлэлийн баатарт маань л хамгийн ихээр тохирох болов уу. Ийм тамирчныг бэлтгэсэн гавьяат багш Д.Солонго таны бас нэгэн том гавьяа энэ ажээ. 

 

 

 18 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

 

Г.Цэцэгжаргал лигийн шилдэг тэгш тоглогч буюу одоогийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг 2 удаа, шилдэг довтлогчийн шагналыг 3 удаа хүртсэн байдаг. Энэ жил 6 дахь шилдгээ авах нь эргэлзээгүй болов уу. Волейболчдоос гурван арванд Дээд лигт тоглосон цөөн тамирчдын нэг, гурван арванд шигшээ багт тоглосон анхны тамирчин, гурван удаа Азийн наадамд тоглосон анхны тамирчин, гурван удаа Азийн аваргад оролцсон анхны тамирчин болох Г.Цэцэгжаргал одоог хүртэл манай волейболчдын оройн дээд тамирчдын нэг хэвээр л байна. Одоо ч шигшээ багтаа дуудагдаж байгаа нь ч үүний нэг баталгаа.

 

Өнөө үед түүнээс хурдтай хүчтэй, илүү үсрэлт тэсрэлттэй тамирчин Монголд олон бий. Гэвч волейбол бол багийн спорт. Тиймээс багтаа уусан зохицох, өөрийн болон өрөөлийн ур чадварыг шавхан гаргах, сайн хамтралын нэгдлээр илүү хүчтэй багийн тоглолт үзүүлэх гээд цогц утгаар нь тооцвол түүнийг давах монгол тоглогч тийм олон гэж бодохгүй л байна. Түүнчлэн хүчээ зөв хуваарилж нөөцлөх, хэзээ ямар цаг үед ямар шийдвэр, ямар үйлдэл гаргах гээд олон нарийн мэдрэмж болоод тооцооллын асуудал бий. 2022 онд тэд лигийн олон шилдэг тоглогчдыг нэгтгэсэн "Улаанбаатар" багийг шигшээ цувралд хожсон. Илүүрхсэн гол шалтгаан нь дээр дурдсан эвлэн нэгдэх туршлага нь байсан гэж дүгнэдэг. 

 

Туршлага болоод үзсэн харсан зүйл, оролцсон тэмцээнээр илүү нь үнэн боловч нэн тэргүүний давуу тал нь энэ биш юм. Үүний өмнө дээр дурдсан чанарууд гээд цөөнгүй зүйл орно. Энэ жилийн лигт тэр өөрийн байрлалдаа монгол тоглогчдынхоо хамгийн дээр нь гараад суучихсан байна. Тийм учраас арга байхгүй тэргүүн тоглогчийн шагналд хамгийн хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч. Үнэ цэнтэй тоглогчийн тэрхүү ҮНЭ ЦЭН гээд байгаа зүйл зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжигдэх учиргүй. 

 

Өнгөрсөн жилийн шигшээ цувралын шийдвэрлэх тоглолтод ч “Хөвсгөл Эрчим” эхний 2 ээлжийг алдаад хөөж хожсон. Тэр үед 3, 4-р ээлжид Г.Цэцэгжаргал хамгийн чухал оноонуудыг авч тоглолтыг багийнхаа талд эргүүлсэн юм. Тэрхүү үнэ цэнтэй оноонууд болон шийдвэр, гүйцэтгэлүүдийг нь үнэлж түүнийг үнэ цэнтэй тоглогч болно гэж хувийн таамгаа дэвшүүлж байлаа. Хэрэв энэ жил шилдэг болбол 18 жилийн дараа дахин нэг удаа лигийн шилдгээр тодрох учиртай. Тэрээр 2006 онд анхны шилдгээ, 2008 онд анхны тэгш тоглогчийн шагналаа хүртэж байсан юм. 

 

 АРАВ ДАХЬ ТҮРҮҮ... 

 

“Дээд лиг”-т анхны түрүүгээ хүртсэнээс хойш 22 жилийн дараа дахин нэг удаа аварга болж, 10 дахь удаагаа аварга болоход түүнд ганц л алхам үлджээ. Энэ бол Монголын волейболын анхдагч, түүхэн бас бахдам амжилт байх болно. Дахин давтагдахгүй гэхэд ч хэтэрсэн болохгүй. 

 

Энэ жилийн лигт “Хөвсгөл Эрчим” багаас дутахааргүй, магадгүй илүү сайн тоглогчидтой баг олон байлаа. Ур чадвартай, хурд хүчтэй тоглогчидтой багт “Хурц ухаантай байх, зөв хэмнэлтэй байх, айдасгүй байх” гэсэн гурван чухал зүйл байдаг. Энэ л тэдний ялгарах гол зүйл. АЙДАСГҮЙ БАЙХ нь Жаргал мастерын талбайд гараад багтаа өгч буй хамгийн том нөлөөлөл. Насаараа шахуу бэлдсэн довтолгоо гэх зүйлээ гүйцэтгэхдээ тэр ер нь хэнээсээ айх билээ. Алдахаас айхгүй байна гэдэг талбайд байгаа тамирчны хувьд маш чухал чанар юм. 

 

Мөн түүний тоглолтыг хажуугаас харахад энгийн мэт боловч хөдөлгөөн шилжилтүүдийг дүгнэн шинжилбэл маш нарийн зүйлс олон гарч ирэх болно. Нэг зүйлээ хэдэн мянга давтсан ийм тоглогчийг л туршлагатай гэх учиртай. "Мянган мэх мэддэг хүнээс айхгүй. Нэг мэхээ мянга давтсан хүнээс айна" хэмээх Брюс Лигийн алдарт үгний утга учир үүнд оршино.

 

ХУРЦ УХААН буюу шийдвэр хурдан гаргах, цаашлаад гаргасан шийдвэрийг нөхцөл байдлаас шалтгаалан хурдан өөрчлөх чадамж тус багийн цөөнгүй тоглогчид бий. Мөн дасгалжуулагчдын баг болон шилдэг холбогчийн удирдлага, нөлөөгөөр тоглолтын ХЭМНЭЛ нь тус багийн <<нэрийн хуудас>> болсон зүйл болоод байна. Ямар ч багийн эсрэг өөрсдийн хэмнэлээр тоглож чадна. Жаргал мастерын "Эрчим" багт авч буй оноо, хаалт, довтолгоо гээд бүхий л статистикаас гадна цаасан дээр бичигдэхгүй олон үзүүлэлтүүд, энгийн үзэгчийн нүдэнд ажиглагдахгүй олон нөлөөлөл байдгаас онцоллоо.

 

“Дээд лиг”-ийн аваргууд тодрох мөч ойртсоор буй энэ цаг үед ОУХМ Г.Цэцэгжаргалын зөвхөн лигийн амжилт болоод түүхийг онцлон сийрүүллээ. Түүнээс олон улсын амжилтууд л гэхэд 2009 онд “Энагурэ” багт нэгдсэн жилээ Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадамд оролцож, мөн 2009 онд Оюутны Зүүн Азийн АШТ-д хүрэл медаль хүртэн, шилдэг тоглогч болж, 2012 оны Оюутны Ази тивийн АШТ-д мөнгөн медаль хүртэж байв. Насанд хүрэгчдийн шигшээ багийн хамтаар Зүүн Азийн АШТ-д 2008 онд хүрэл медаль, 2010 онд 4-р байр эзэлжээ. Азийн АШТ-д 2013, 2015, 2023 онд, Азийн наадамд 2006, 2010, 2023 онд мөн Азийн клубуудын АШТ, Азийн “Чэлленж кап” гээд олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм. 

 

Лиг завсардах хугацаанд хавар, намрын тэргүүн клубуудын АШТ-д тус бүр 3 удаа түрүүлж, шилдэг тоглогчоор шалгарч, спортоосоо түр завсардах хүртлээ “Холбооны цом”-ын тэмцээнд ч амжилтаа үргэлжлүүлсээр байсан юм. Түүний тууштай байдал энэ бүхнийг бүтээх үндэс болжээ.                                                                                                                                                                         

 

          "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадам. Монгол - Хятадын Тайвань                                                                          

 

- Г.Цэцэгжаргал 2023-24 оны лигийн тамирчдын 97.3%-иас эгч. Түүнийг лигийн анхны алтан медалиа хүртэж байхад одоогийн лигийн тоглогчдын талаас их нь буюу 56% нь төрөөгүй байжээ. Спортын талбарт дөч дөхсөн насанд бүхэл бүтэн нэг улсын “Дээд лиг”-ийн тэргүүн түвшинд тоглож байна гэдэг яах аргагүй бахархал. 

 

Нөгөө талаас залуу халаа үе сул байгаа гэдгийн л нэг илрэл. "Монголд волейбол хөгжөөд байна" гэж шагшраад байгаа боловч хөгжил гэж яг юу вэ гэдгээ мэддэггүй. Түмэн олон дунд байгалиас заяасан бие сэтгэлийн өгөгдөл, авьяастай ийм тамирчин олон жилдээ нэг төрнө. Үүнийг бид сургалт бэлтгэл, арга барилаар гаргаж ирдэг болсон цагтаа л "хөгжиж байна" гэж ярих нь эрүүл сэтгэхүй. 

 

Ийм тамирчин дахин төрөхийг хүлээж, багш нар нь нүдээ бэлчээсээр л явах уу. Эсвэл хүлээхийн оронд тогтолцоог хөдөлгөх, шинэчлэх хэрэгтэй юу. Бидэнд хүлээж суухаас өөр чадах зүйл байхгүй гэж үү. Яг одоогийн байдлаар манайд дараагийн Цэцэгжаргалуудыг бэлтгэн гаргах нөхцөл боломж алга. Тиймээс төрөх хүртэл нь л хүлээх байх…

 

Харин хэзээ төрөх бол?

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дөч дөхсөн тэргүүн тоглогч  
Үзсэн: 8378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй