Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа.
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өөрчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан.
2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.
2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.
Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.

Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.
Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.



| Хувийн хэвшлийг дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа | ||
| Үзсэн: 333 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.