Шууд Chart

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа

2025-11-14 14:51:06

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон дагуул хот байгуулах стратегийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй “Хүннү хот”-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг сонгон шалгаруулалтад дэлхийн 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлснээс, хоёрдугаар шатанд 24 баг шалгарч, бүтээлээ олон нийтэд нээлттэй танилцуулав.

Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь олон улсын багуудтай мэдээлэл солилцох уулзалтуудыг зохион байгуулж, нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын багтай Улаанбаатар метро төсөл, БНХАУ-ын багтай Тусгай замын автобус, Улаанбаатар трам, Дүүжин замын тээвэр төслүүдийн баг уулзсан бол, Бүгд Найрамдах Польш Улсын хот төлөвлөлтийн багтай “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК, Италийн багтай Авто замын төслийн төлөөлөл тус тус уулзаж, санал солилцсон юм. Уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж, хот байгуулалтын салбарт шинэ технологи болон шинэ арга зүйг нэвтрүүлэхийн төлөө хичээх хэрэгтэйг тодотгожээ.

Хүннү хот нь ирээдүйд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий хот болох төлөвлөлттэй бөгөөд нийт 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолсон. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна. 


Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй