Шууд Chart

"Ард кредит ББСБ" ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

2024-02-15 14:14:38

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-02-15/ “Ард кредит ББСБ" ХК-иас олон нийтэд санал болгон нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Ард санхүүгийн нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг “Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг, Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Ард кредит ББСБ” ХК нь 2011 онд байгуулагдсан МУ-ын банк санхүүгийн салбарт олон шинэлэг төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудыг технологийн хөрөнгө оруулалт, менежменттэй ажиллагаагаараа амжилттай даван туулж ирсэн МХБ-ийн ТОП-20 индекс, 1-р ангилалд амжилттай багтсан нээлттэй хувьцаат компаниудын нэг” гэдгийг онцлоод “Ард кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй нэг бүр нь 106 төгрөгийн үнэ бүхий нийт 84,000,000 ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10:00-16:00 цагийн хооронд  хүлээн авах болно. “Ард кредит ББСБ” ХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн: “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Эдгээрээс нэн чухал нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх явдал бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь хүчин зүйл нь зах зээл дээрх чанартай бүтээгдэхүүнүүд, засаглал сайтай компаниудыг нэмэгдүүлэх ажил юм. Тэр ч утгаараа санхүүгийн салбар тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын түүчээлэгч томоохон компаниудын нэг "Ард Кредит ББСБ" ХК нь нийт хувьцааныхаа 30 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгож, нийт 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн танай хамт олонд баяр хүргэж, анхдагч зах зээлийн арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

“Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг: Миний хувьд 2019 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа анхны IPO гарган, 5.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж байсан. Тэр үеэс өнөөг хүртэл бид анх IPO хийхдээ олон нийтэд танилцуулж байсан бүх төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээ өнөөдөр та бүхэнд итгэл төгс илэрхийлж байна. Бид нээлттэй компанийн зөв засаглалыг хэрэгжүүлснээр 2023 оны байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 30 тэрбум төгрөгт хүрсэн, 13,700 хувьцаа эзэмшигчтэй, нийт хөрөнгийн хэмжээ 71.5 тэрбум төгрөг, зээлийн багц 50 тэрбум төгрөг, цэвэр ашиг 2.7 тэрбум төгрөгийн үзүүлэлттэй болсон байна. СЗХ-ноос 5, Монгол банкнаас 3 тусгай зөвшөөрөл авч зохицуулагч байгууллагуудын хяналт дор үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 5 удаа, 5 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг олгосон. Өнөөдөр бид дахин 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа гаргаснаар компанийн засаглалаа илүү сайжруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаа, тэр дундаа цахим зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр компанийн актив нэмэгдэх боломжтой болно. Хойшид хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх чиглэлд зорьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа. Хамтын үнэ цэнээ өсөн нэмэгдүүлэх бидний урсгалд нэгдэхийг хөрөнгө оруулагчдадаа уриалж байна” хэмээн хэлсэн юм.

Ийнхүү Монголын хөрөнгийн биржийн 7,154 дахь удаагийн арилжааг нээж “Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг, “Ард кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар цан цохилоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Ард кредит ББСБ" ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо  
Үзсэн: 1666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-17 04:56
5 тэрбумын ногдол ашиг хувиарласан бол ногдол ашгаа авмаар б.а яаж авах ?
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 12:29
Та бүхэндамжилт би ч гэсэн хувьцаа эзэмшигч болмоор бна. Мэдээлэл их муу бна, монголын. Хөрөнгийн бирж байдгыг мэднэ этт. Ийн. 1072 хувьцаагаа авсан ч. Ноогдол. Чадаагүй авдаггүй. Надад туслаач булганы. Брокёроос

Бидэнтэй нэгдээрэй