Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөл, эзэмшилд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах замаар зээлийн эргэн төлөлтийг хангуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй Шинэ яармаг цогцолбор хорооллын орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.
Шинэ Яармаг цогцолбор хороолол нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд Цэвэр агаарт хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээний газрууд болох мөсөн өргөө болон спорт цогцолбор, хөл бөмбөгийн зориулалтын талбай, усан оргилуур, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үл нэвтрэх хүүхдийн тоглоомын талбай, бүх төрлийн худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг нэг дор төвлөрсөн давуу талтай.
Шинэ Яармаг цогцолбор хорооллын А zone хэсэгт байрлах В1, В2 блок барилгын 1-14 давхарт 119 м.кв, 121 м.кв, 257 м.кв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахаар сонирхож буй иргэн болон хуулийн этгээд нь арилжааны банкны зээл судлуулах замаар эсвэл бэлэн төлөлтөөр худалдан авах боломжтой юм.
Мөн B zone хэсгийн 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд бий. Эдгээр дуусаагүй барилгыг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас болох https://www.dbm.mn/news/1682 үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авч болно.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх бөгөөд тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох мөн 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтын хамт системд хавсаргаж оруулах шаардлагатай.
Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж авсан үнэ дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдан борлуулах үнийг тогтоосон.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк
Шинэ Яармаг цогцолбор хорооллын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.