Шууд Chart

“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа

2024-05-21 15:58:21

Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Монголбанк, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Тус дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.21/ болж, нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (парламент)-ийн гишүүн, ноён Лаурент Вейрли, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Юрг Бурри, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд ноён Арно Вики, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул хатагтай Стефани Бурри болон бусад хүндэт зочид оролцов.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас өмнө нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Япон Улс, Австрали Улс, болон Итали Улсын дурсгалын зоос, ялтсан дэвсгэртийг худалдаанд гаргасан бөгөөд 2024 онд тус цувралын үргэлжлэл болгон 999 сорьцтой, 5 грамм  мөнгөөр “Монгол-Швейцар 60 жил” ялтсан дэвсгэртийг үйлдвэрлүүлэн ийнхүү худалдаанд гаргаад байна.

Энэхүү дурсгалын ялтсан дэвсгэрт нь Швейцар, Монгол хоёр улсын энх тайван, сайн сайхан байдлын төлөө хувиршгүй байгааг дэлхий дахинаа тунхаглаж буй гүн гүнзгий утга санааг шингээсэн болно.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой хэмээн Монголбанкнаас мэдээллээ.


“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй