Шууд Chart

“Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгийн хөтөлбөрийг танилцуулж байна

2024-05-24 10:12:08

“Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон  зохион байгуулж ирсэн бөгөөд өдөрлөг хэлбэрээр бүтэн өдрийн үйл ажиллагаа болж өргөжсөн билээ. Энэ жилийн өдөрлөг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт буюу маргааш болох гэж байна.

Маргааш 06:00-18:00 цагт гүйлтийн дагуух автозамын хөдөлгөөнийг хаах бөгөөд марафон гүйлтийн албан ёсны нээлтийн ажиллагаа 09:30 цагт эхлэх юм.

Өглөөний 10:00 цагт 5, 10, 21, 42 км-т гүйх хүмүүс буудлагын дохиогоор нэгэн зэрэг гараанаас гарах бол 13.00 цагт тэргэнцэртэй иргэд, 13:30 цагт гэр бүлийн гүйлтэд гүйх хүмүүс гараанаас гарна. Тусгай олимпын төрөлд буюу 500, 800 м-ийн зайд гүйх иргэд 14:00-14:30 цагт гараанаас гарах хуваарьтай байна.


 
“Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгөөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд дэлгэхээр төлөвлөжээ. Иргэд гэр бүл, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, хоолны өдөрлөг зохион байгуулах орон зайг бий болгохоор зорьж байна.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн автобусны буудлын дэргэд “LEMONSPICE” хоолны өдөрлөг хийх бол “ELECTRO MUSIC MONGOLIA”-ийн хамт олон авто замын төв цэг дээр монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулна. Мөн ерөнхий спонсоруудын асар байрлаж, иргэдэд хөнгөлөлт, урамшуулалттай худалдаа, үйлчилгээг үзүүлэх юм байна.

Энэ онд банкны салбарын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монголбанк болон банкны салбарын төлөөллүүдийн асарт олон нийтэд мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Спортлог иргэддээ зориулж “M-SPORTS”-ын 50 гаруй спорт клубээс хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх бол залуусын брэнд “KIDULT”-аас тооны хязгаартай брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэх юм байна.

Өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа болох гүйлтийн төрөлд 1,5 км-т гэр бүлээрээ, хараагүй, тэргэнцэртэй болон тусгай хэрэгцээт иргэд, 5, 10, 21, 42 км-т мэргэжлийн тамирчид болон сонирхогчид, 500, 800 м-т тусгай олимпын төрлөөр тус тус бүртгэл явагдаж дууслаа. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар тараах ажил өнөөдөр 17:00 цагт хаагдах юм.
Гүйлтийн төрлүүдэд түрүүлсэн иргэдэд шагнал гардуулах цагийн хуваарийг дараах хүснэгтээс харна уу.


“Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгийн хөтөлбөрийг танилцуулж байна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй