Даншиг наадмыг анх удаа үзэж сурвалжиллаа. Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уламжлал болгон явуулдаг Монголчуудын өв соёлын "Даншиг наадам Хүрээ цам - 2024" наадам "Хүй Долоон худаг"-ийн тэгш ногоон дэнжид бүтэн хоёр өдөр боллоо.
Шашин соёлын их гоё наадам болдог юм байна. Хүй долоон худгийн ногоон дэнж дээр битүү гэр майхан ярайна. Урьд цагт Даншигийн наадамчид дор хаяж нэг хоногийн өмнө, бүр зарим нь долоо хоног, сарын өмнө хаа холын нутгаас Да Хүрээг зорьж ирдэг байж. Наадамчид өнөөдөр ч үр хүүхэд, аав ээж, гэр бүлтэйгээ наадмын урд орой ирж амарч хоножээ.
БШТөв Гандантэгчилэн хийдийн лам нарын дэглэсэн Цамын бүжгийн хөдөлгөөн, дэг жаяг, ур чадвар улам сайжирсныг үзэгчид сайшаан магтаж байв. Мөн балин тосон урлал, Унзад хоолой шалгаруулах тэмцээн, ном хаялцах, сээр цохих, мөн морьтой харваа, жороо морины уралдаан зэрэг үзүүлбэрүүдийг наадамчин олон, жуулчид ихээхэн сонирхож байлаа.
Оролцогчид олон байваас улам сайхан болох нь тодорхой. Эх хэлээрээ айлдсан төгс төгөлдөр айлтгал юугаан англи хэл дээр түгдрэлгүй орчуулан ярьсан МБШ төвийн тэргүүн Хамба номун хан Жавзандоржийн эрдэм ном, оюун ухаанд монголчууд ихэд бишрэн билэгшээв.
Бас Буриад, Өвөр Монголоос бөхчүүд ирж, халх бөхчүүдтэй барилдсан нь наадмыг маш үзүүштэй, өргөн дэлгэр болгов. Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт нь ч цомхон, чадварлаг. Залуу найруулагч Ганхүүгийн Даншиг наадмын найруулга, дэглэлт, холбоос тун аятайхан болсон байна. "Хүй долоон худаг"-ийн тэнгэрт одод гартал дуулж хуурдан, өвс ногоог налтал барилдаж, туйлын амгалан тайван, нар хур тэгш сайхан наадам болов.
Жил жилийн Даншиг наадмыг улам төгс боловсронгуй болговоос дараа жилийн Даншиг наадмыг хоног тоолон хүлээх гадаад дотоодын аялагч жуулчид, наадамчид олон л байгаа шүү.
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
Даншиг наадмын тухай . . . | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: