Шууд Chart

Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2024-12-06 13:57:22

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван нар Байгаль хамгаалах олон улсын нийгэмлэг (IUCN)-ийн Ерөнхий захирал хатагтай Гретал Агүйлар болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.

Байгаль хамгааллын чиглэлээр олон улсын шилдэг туршлага бүхий тус байгууллагын зүгээс Монгол Улсын зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэн, Бага хурлын нэг өдрийг “Биологийн олон янз байдал ба Байгаль” сэдвийн хүрээнд зохион байгуулахыг дэмжиж ажиллах боломжтойг дурдлаа.

Байгаль хамгаалах олон улсын холбоо нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, стандартыг сайжруулах, байгальд суурилсан шийдлээр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар бэлчээр, газрын менежментийг сайжруулах чиглэлд туршлагатай байгууллагын нэг билээ.

Цаашид энэ чиглэлд манай улстай хамтран ажиллах, мөн "Тэрбум мод" санаачилга болон хөвд цөөрөм байгуулах санаачилгуудыг дэмжих хүрээнд ойн ландшафтын нөхөн сэргээлт, тэдгээрийг үнэлэн хэмжих арга, аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Тус байгууллагын зүгээс олон улсад Риогийн 3 конвенцын уялдааг хангуулахад манлайлан ажиллаж байгаагийн хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, байгаль хамгаалах монголын уламжлалт мэдлэгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, шар шороон шуурга, цөлжилтийг сааруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрийн санал боловсруулан ажиллахаар тохиролцлоо.

Мөн Монгол Улсын зүгээс Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй