Шууд Chart

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

2025-05-07 14:17:35

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.


Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо   
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй